Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт зарлиг гаргаж бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо. Төрийн тэргүүн Батлан хамгаалах яаманд очиж Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ даргыг үүрэгт ажилд нь оруулж түүнд хошууч генерал цол гардуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч өөрийн биеэр очиж төрийн албыг хүлээлцүүлэн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон нь төрийн албанд хүндэтгэлтэй хандах шинэ жишиг болж байна хэмээн ёслолд оролцсон зарим хүн үзэж байлаа.
Энэ долоо хоногт Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцов. Тэрбээр Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенкотой уулзаж, “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны Нэгдүгээр орлогч захирал П.М.Фрадков нар хөрөнгө оруулалтын 20 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь 1983 оноос хойш нийслэлийнхний 80 хувийг дулаан, цахилгаанаар хангаж буй IV цахилгаан станцын 123 мегаваттын өргөтгөлийн ажлыг хийхээр Чингис бондоос санхүүжүүлсэн 70 сая ам.долларыг үе шаттай нөхөн олгох хөрөнгө оруулалт юм байна. ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн төгссөн сургууль болох Москвагийн Хүмүүнлэгийн их сургуульд зочилж, энэ үеэр тус сургуулийн захирал И.М.Ильинский “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай сургуулиас төрөн гарсан анхны Ерөнхий сайд учир сургуулийн Эрдмийн зөвлөлөөс Хүндэт доктор цол олгохоор шийдвэрлэсэн” гээд Хүндэт доктор цол олгож, гэрчилгээ гардуулсан юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёд хөршид хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. В.В Путин манай Ерөнхий сайдыг Санкт-Петербург хотод байрлах Константиновын ордондоо хүлээн авч уулзсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Мөн долоо хоногийн анхаарал татсан нэг асуудал нь УИХ-ын эмэгтэй гишүүдийн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлчдэд хийсэн мэдээлэл байв. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 14-ний өдөр Налайх хотын Захирагчийн сонгууль болж, нэр дэвшигчдийн авсан санал 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд энэ долоо хоногт дахин санал хураалт явуулсан. Зургаадугаар сарын 18-ны өдөр явуулсан дахин сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 9490 нь буюу нийт сонгогчдын 46.7 хувь нь саналаа өгсөн байна. Тодруулбал, Ш.Хаан 50.87 хувь буюу 4757 хүний санал авч ялалт байгуулжээ. Харин бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүүд 49.13 хувь буюу 4594 иргэн саналаа өгсөн юм.
ОХУ-аас оруулж ирсэн хямд үнэтэй архийг авч хэрэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Энэ оны эхний таван сарын байдлаар ОХУ-аас импортоор оруулж ирсэн, тусгай зөвшөөрөл байхгүй гэдэг зөрчлийн улмаас хураагдсан 10 гаруй төрлийн вино, долоон төрлийн цагаан архинд шинжилгээ хийхэд хураагдсан архины тав нь стандартын шаардлага хангаж, үлдсэн хоёр нь стандартын шаардлага хангахгүй нийлмэл эфирийн спиртийн хэмжээ нь их байсан зөрчил илэрчээ.
Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" авто замын боомтоор энэ долоо хоногт ОХУ-ын иргэн Б. Р. В нь Toyota lexus RX330 маркийн У579КЕ03RUS дугаартай автомашинд Вorner-KMB77 маркийн хийн гар буу, 17 ширхэг сумыг нууж улсын хил нэвтрүүлэхийг завдав.
Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлээд байна. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхаарууллаа.
Уншигч та бүхэнд цаг агаарын мэдээ хүргэе. Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, нутгийн зүүн хагаст халж, хуурайшилт ихэснэ. Өнөөдөр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 17 цагт 27 хэм, 20 цагт 25 хэм дулаан байна. Зургаадугаар сарын 21, 22-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн төв хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд ихэнх нутгаар, 24-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.