Шууд Chart

Зарим газрыг тусгай хэрэгцээнд авахыг гишүүд дэмжив

2015-06-25 10:52:12

Нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж олонхийн саналаар дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг хуульд нэмэлт оруулснаар иргэд газраа барьцаалж зээл авах нөхцөл илүү сайжирна гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.

Харин дараагийн асуудал нь Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа. Засгийн газраас энэ сарын 28-ны өдөр Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан юм. Засгийн газар нийгэм, эдийн засгийн хөгжилд үр дүнтэй нөлөө үзүүлэх олон улсын чанартай дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр сууршлын бүс бий болгох хэрэгцээ шаардлагаас үүдэн зарим газрыг тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан ажээ.
 
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд аюултай хог хаягдал хаях газрыг тусгай хэрэгцээнд авах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байлаа. Учир нь одоогийн байдлаар улсын хэмжээнд цуглуулсан ихээхэн хэмжээний аюултай хог хаягдал их байгаа хэдий ч хаана булж хадгалахаа мэдэхгүй байгаа. Тиймээс Засгийн газар хүн ам төвлөрсөн суурин бүсээс холхон тусгай хэрэгцээний зориулалтаар газар авч аюултай хог хаягдлыг хаяж байх нь зүйтэй гэсэн юм.
 
Мөн Засгийн газар тусгай хэрэгцээт газрыг өөрсдийн мэдэлд авснаар Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн Азийн хурдны зам /АН3/, Рашаант Мааньт чиглэлийн Богдхан төмөр зам, Богдхан уулыг тойрсон хурдны зам, Майдар эко хот байгуулах, Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа Олон улсын нисэх онгоцны буудал барих зэрэг хэд хэдэн томоохон төслүүдийг бүрэн шийдэж болно хэмээн үзэж байгаа юм. Ингээд зарчмын зөрүүтэй санал хурааж дууссаны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Зарим газрыг тусгай хэрэгцээнд авахыг гишүүд дэмжив  
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй