Шууд Chart

Х.Тэмүүжин: Гишүүд бүгд "төмсөгдүүлчихсэн" юм шиг л дуугүй сууж байдаг

2015-06-25 11:30:51

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төсөлд тусгаснаар нийтийн сонсгол нь дотроо олон төрөлтэй юм. Тодруулбал, Хууль тогтоох сонсгол, хяналтын сонсгол, мөрдөн шалгах сонсгол, төсвийн сонсгол, орон нутгийн сонсгол, томилгооны сонсгол гэсэн олон төрлийн сонсголыг зохион байгуулах боломжийг анх удаа хуулиар нарийн зохион байгуулж байгаа аж.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төсөлд томилгооны сонсгол гэсэн хэсэгт УИХ-аас томилогддог албан тушаалтнуудын талаар нээлттэй сонсгол зохион байгуулна гэж заасан байгаа нь хэтэрхий туйлширсан байдалтай байна хэмээсэн. Харин ажлын хэсгийн гишүүн Х.Тэмүүжиний хэлснээр УИХ-аас томилогдож байгаа албан тушаалтныг яг сонгох эсэх талаар шийдвэр гаргахгүй хэдий ч тухайн томилогдож байгаа албан тушаалтны талаарх иргэдийн дундах сөрөг ярианд тайлбар хийж болох юм байна. Тодруулбал, УИХ-аас томилогдож байгаа улсын дээд шүүхийн шүүгч эсвэл нэг сайдыг томилох үед ард иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэж тухайн томилогдох гэж буй албан тушаалтнаас албан ёсны тайлбар сонсох ёстой гэж УИХ-ын гишүүдийн олонх нь үзэх юм бол уг томилгооны сонсголыг зохион байгуулж болох юм байна.
 
Ц.Нямдорж гишүүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Батбаяр болон УИХ-ын дарга З.Энхболд уг томилгооны сонсголын талаар нэмэлт асуулт асуусан юм. Тухайлбал, УИХ-ын дарга томилгооны сонсголын процедур хэрхэн явагдахыг асуусан бол Н.Батбаяр гишүүн ингэж томилгооны сонсгол хийснээр бид тухайн албан тушаалтны нэрийг нь гутаах учраас ингэх хэрэггүй гэсэн юм.
 
Ажлын хэсгийн гишүүн Х.Тэмүүжин “УИХ-ын гишүүд ямар ч хууль бус томилгоо явж байхад нэг нь ч үг хэлэлгүй бүгд "төмсөгдүүлчихсэн" юм шиг л сууж байдаг. Тэр битгий хэл ямар ч эрх зүйн мэргэжлийн биш хүн шүүгчээр томилогдоод явж байсан. Тэгж дуугүй сууж өнгөрөөчихөөд дараа нь ханцуйндаа бүгд өөр зүйл ярьдаг. Нэгэнт та нар хууль бус томилгоо явж байхад юу ч хэлж чадахгүй болохоор чаддагаар нь ард иргэдийг үг хэлэг гээд ийм хуулийн төсөл боловсруулсан гэж бодож байна” гэлээ.
 
Н.Энхболд гишүүн уг хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс өргөн барьснаас хойш хүний эрхийг зөрчиж болох бүх хэсгүүдийг хассан гэдгийг хэллээ. Түүнчлэн томилгооны сонсголын хувьд тухайн албан тушаалтан өмнө нь ямар алдаа дутагдал гаргаж байсан талаар томилохоосоо өмнө сонсох нь зүйтэй гэсэн саналтай байна. Түүнээс шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх гэсэн асуудал биш гэлээ. Түүнчлэн А.Бакей болон Л.Цог нарын гишүүд Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал хууль учраас дэмжиж байгаа гээд өөрсдөө хууль бус томилгоо хийдэг гишүүд айж энэ хуулийг эсэргүүцэж байна гэсэн юм.
 
Харин Г.Уянга гишүүн нийтийн сонсгол зохион байгуулаад төрд болохгүй байгаа бүхнийг цэгцлэж чадахгүй учраас хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэлээ. Тэгээд ч бүх томилгоо улс төрийн нам, фракцийн дагуу л явагддаг учраас эхлээд намуудыг цэгцлэх хэрэгтэй гэсэн саналтай байгаа ажээ. Ингээд байнгын хорооноос гаргасан санал тус бүрээр санал хураахад томилгооны сонсгол зохион байгуулахыг гишүүд дэмжсэнгүй. Үүнээс гадна бусад байнгын хорооноос гаргасан саналуудаар санал хураахад гишүүд ихэнхийг нь унагааж байсан учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хуулийн төслөө бүхэлд нь дахин хойшлуулж тав хоногийн дараа хэлэлцэх горимын санал гаргасан нь дэмжигдлээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд энэ хуулийн төслөөр намын бүлгүүд дээр байр сууриа нэгтгэсэн нь зөв гэсэн санал гаргасан юм.
 
Хуралдаан үргэлжилж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Х.Тэмүүжин: Гишүүд бүгд "төмсөгдүүлчихсэн" юм шиг л дуугүй сууж байдаг  
Үзсэн: 1374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2015-06-25 12:34
Манайд яг хуучин социализм шиг Элбэгдоржийн шоудаж хэлсэн ‘Хүүхэд харах’ үйлчилгээний хуулийг нөгөөдүүл нь мунхагаар дэмжээд л явж өгөх юмаа. Яасан ардын зовлон, гачигдлаар шоудаж дуусдаггүй хорвоо вэ? Ханиад,томуу ,бөөс хуурс,шар, сурьяа , улаан бурхан гээд л халдварт өвчин , хоол хүнсний аюулгүй байдал. Ядарсан хүн болгон , ядмаг аргаар мөнгө олохыг хичээх болно. Сайхан нэрийн доор булчимгүй ухвар зүйлийг яаж хянах вэ.??? Ядуу тарчиг , ахуй муутай ард түмэн маань бөөн зовлонд нэмж унах юм байна даа энэ эргүү солиотой Элбэгдоржоос болж. Яасан ч улсаар минь, ардаар минь тоглож дуусдаггүй хошигруулагчид юм болдоо энэ Ардчилсан намынхан.

Бидэнтэй нэгдээрэй