Шууд Chart

Цэцэрлэгт 600 тэрбум шаардлагатай бол Хүүхэд харах үйлчилгээний төвд 66 тэрбум төгрөг шаардлагатай

2015-06-25 12:19:45

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэх ээлжит асуудал нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч өнгөрөгч 2014 оны 10 дугаар сард мэдүүлсэн бөгөөд найман бүлэг, 17 зүйлтэй юм.

Хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үед байнгын хорооны хуралдааны үеэр  УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслөөс завсарлага авч үүнийг нь УИХ дахь эмэгтэй гишүүд эсэргүүцэж намраас өмнө олон мянган хүүхдийг цэцэрлэггүй үлдэхээс өмнө хуулийн төслийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Тодруулбал, БСШУ-ны яамнаас гаргасан судалгаагаар 2020 он гэхэд сургууль, цэцэрлэг, дотуур байрны нийт 1750 обьект хэрэгтэй байгаа аж. Үүнийг таван жилийн дотор барих ямар ч бололцоогүй учраас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлах ёстой гэсэн юм. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Бид энэ хуулийн төслийг эсэргүүцээгүй, нийгэмд ийм мэдээлэл тараад байна. Одоо өргөн барьсан хуулийн төсөлд хүүхдийн амь нас, хоол ундтай холбоотой гээд олон асуудал дутуу байгаа учраас илүү сайжруулах хэрэгтэй гэж үзэж байгаа” гэлээ.
 
Я.Содбаатар гишүүн Хүүхэд харах үйлчилгээний төслийг одоо өргөн барьсан хэлбэрээр нь батлах юм бол хүүхдүүдийн аюулгүй байдлаас эхлээд олон алдаа үүснэ. Хуулийн хугацааны хувьд ирэх есдүгээр сараас эхлээд хэрэгжих боломж мөн төсөвт Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад зарцуулагдах 66 тэрбум төгрөгийг шууд гаргах боломж байгаа эсэх талаар сайтар судлах хэрэгтэй. Тиймээс яаруу сандруу нэг хууль гаргаад, хүүхэдтэй холбоотой хуулийн төслөөр улс төр хийх хэрэггүй гэв.
 
Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэлийн хэлснээр Сангийн яамнаас энэ хууль батлагдсанаар хүүхэд харах үйлчилгээнд 56 мянган хүүхэд хамруулахад 66 тэрбум төгрөг зарцуулагдана гэж тооцсон байна. Харин эдгээр 56 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах юм бол нийт 600 гаруй тэрбум төгрөгийн зардал гарна. Харин эцэг, эхэд нь цалинг нь өгөөд харуулах юм бол 130 гаруй тэрбум төгрөг шаардагдах тооцоо гаргажээ. Тэгэхээр Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах нь хамгийн хямд зардлаар хүүхдүүдийг харах боломжтой хувилбар гэж тооцсон байна.
 
Д.Хаянхярваа гишүүн энэ хуулийг шууд хэрэгжүүлж эхлэхэд шаардлагатай арга хэмжээг авахад цаг хугацааны хувьд боломжтой эсэхийг тооцож үзэх хэрэгтэй гэсэн бол Г.Баярсайхан гишүүн хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгээ хэлсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт энэ хуулийн төсөл анх гишүүд, Засгийн газраас өргөн барьж буцаагдаад бараг хоёр жил орчим болчихсон учраас ард иргэдийн дунд хүлээлт үүсчихсэн байгаа учраас яаралтай батлах хэрэгтэй. Түүнээс биш Ардчилсан нам үүнийг сонгууль руу чиглүүлээгүй гэлээ.
 
Түүнчлэн байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар хүүхэд харах үйлчилгээнд нэг бүлэгт дээд тал нь 15 хүүхэд хамрагдах бөгөөд төлбөрийн дээд хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам тогтоох юм байна. Мөн ямар нэг аж ахуйн нэгжүүд хүүхэд харах үйлчилгээ эрхлэхгүй бөгөөд зөвхөн иргэд хамрагдана. Түүнчлэн одоо ажиллаж байгаа өдөр өнжүүлэх төвүүд ч мөн энд хамрагдахгүй ажээ. Я.Содбаатар гишүүн хуулийн төсөлд тусгасан явуулын хүүхэд харах үйлчилгээний талаарх заалтыг хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой учраас эсэргүүцэж байгаа гэсэн бөгөөд нөгөө талаасаа үүнийг сонгуульд чиглэсэн үйл ажиллагаа болгон ашиглах гэж байна гэсэн юм.
Чуулган үргэлжилж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Цэцэрлэгт 600 тэрбум шаардлагатай бол Хүүхэд харах үйлчилгээний төвд 66 тэрбум төгрөг шаардлагатай  
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-06-25 12:40
Яахаараа шинэ төв барих болчив оо? Уг нь хүүхэд харах хүмүүс гэртээ айлын хүүхдүүдийг авчраад л, эцэг эхчүүд нь мөнгий нь төлөөд боллоо ш дээ. Ямар ойлгомжгүй юм яриад байгаан бэ? иймхэн асуудлыг хуульчлах хэрэг байгаа ч юм уу.

Бидэнтэй нэгдээрэй