Шууд Chart

Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахилаа

2015-06-25 16:39:12

Хоёр жил тутамд нэг удаа цэнгүүлэн тахихаар уламжлагдаад буй Зэвсэгт хүчний жанжин штабын Бүх цэргийн хар сүлдийг өнөөдөр буюу аргын тооллын шинийн есний билэгт сайн өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Агуйт уулнаа тахилаа. Хар сүлдийг цэнгүүлэн тахих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Дотоодын цэрэг арми, Зэвсэгт хүчний төлөөллүүд оролцсон юм.



Манай улс Бүх цэргийн хар сүлд болон Есөн хөлт цагаан тугийг эрт дээр үеэс төрийн билэг тэмдэг болгон тахиж ирсэн уламжлалтай. Энэ талаар Хошууч генерал, Их сүлдэч  Б.Баярсайхан “Хар сүлдний хувьд гурван нөхцөлд тахидаг. Тодруулбал, Цагаалах тахилга /шинийн гурванд/, цэнгүүлэх тахилга /хоёр жилд нэг удаа зуны дунд сарын тахил тайлгын тохирсон өдөр/, догшруулах тахилга /халварт өвчин, дайн дажны үед болон ихэвчлэн луу жилд/ гэхчлэн гурван өөр байдлаар тахидаг. Догшин хар сүлдний тахилгыг Агуйт уул хэмээх энэ газар үйлдэхийн учир нь Төв аймгийн Эрдэнэ сумын энэ уул бол төрийн тахилгат Баянзүрх хайрханы салбар уулс, Чингис уулсаар хойд зүгээсээ хүрээлүүлсэн, эзэн Чингисийн түүхэн ул мөрөө үлдээсэн домогтой Цонжин болдогийн бүтээн байгуулалт, Түмэн хишигтэн, Тулгат гурван гацаа зэрэг түүхэн дурсгалт газрын дэргэд оршдогоос шалтгаалсан” гэж ярилаа.


Сүлдийг ийн цэнгүүлэн тахих ёслол нь овоо тахих, лус савдагт хандахаас өөр зүйл бөгөөд улс орон, ард түмэн зовлон бэрхшээлийнхээ өөдөөс догшин сүлдээр дохих дохиур болдог, арга дом шинжтэй юм. Цэнгүүлэн тахих ёслол өдгөө дөрөв дэх удаагаа болж байна. Өмнө нь 2009, 2011, 2013 онд Төв аймгийн Алтанбулаг сумын Өгөөмөр уулнаа хар сүлдийг гурвантаа тахиж байсан.



Хар сүлдийг тахих түүхэн уламжлал, ач холбогдлын талаар Бригадын генерал, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч  Р.Сүхбат “Монголчуудын байлдан дагууллаараа дэлхийн талыг эзэлж явсан XIII зууны үеийн Бүх цэргийн хар сүлдний тэргүүн сүлдэч Мухулай жанжны үеэс эхлээд Бүх цэргийн хар сүлдийн тахилга тайлгын ёс заншлыг түүхэнд өндөр ач холбогдлоор тахиж, салхи үзүүлж ирсэн байдаг. Нэг үе тахилгын ёслол нь завсарлаж байсан ч 1990-ээд оноос сэргээж, хар сүлдээ ийн цэнгүүлэн тахихыг манай Зэвсэгт хүчний салбарынхан эхлүүлсэн" гэв.



Мөн энэ үеэр манай улсын Зэвсэгт хүчний салбарын зүтгэлтнүүд оройн дээд Бүх цэргийн догшин хар сүлдийг БХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүхийн судлалын ухааны доктор, профессор, хурандаа Галиндэвийн Мягмарсамбуу судлан бүх цаг үеийн түүхийг нь бичиж уламжлуулсан гэдгийг онцолж байлаа. Уг тахилгад Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн санаачилгаар 21 аймгийн бөөгийн шашны зүтгэлтнүүд оролцлоо.



Хар сүлдийг ийн цэнгүүлэн тахисны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Зэвсэгт хүчний анги бүрэлдэхүүнүүдийн дунд зарласан "Марш тактик"-ийн тэмцээний шилдгүүдийг шагнаж, баяр хүргэсэн юм.

















































































































































































































































































Нийтэлсэн: Б.Батхолбоо

Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахилаа  
Үзсэн: 6351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-06-25 19:58
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй