Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Энэ долоо хоног үйл явдал арвинтай байлаа.
Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол энэ долоо хоногт боллоо. Аргын тооллын шинийн есний билэгт сайн өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Агуйт уулнаа болсон тахилга тайлгад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Дотоодын цэрэг арми, Зэвсэгт хүчний төлөөллүүд оролцсон юм.
Манай улс Бүх цэргийн хар сүлд болон Есөн хөлт цагаан тугийг эрт дээр үеэс төрийн билэг тэмдэг болгон тахиж ирсэн уламжлалтай. Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх ёслолоос хийсэн сурвалжлагыг ЭНДЭЭС уншаарай.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгынхаа хүрээнд боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар болон Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 22-23-ны өдрүүдэд Говь-Алтай, Завхан аймагт ажиллаад ирсэн. УИХ-ын даргын хөдөө орон нутагт ажилласан мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д энэ сарын 23-27-нд ажлын айлчлал хийж байна. Ерөнхий сайд айлчлалын эхний өдрөө Станфордын Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Жефри Глен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Мөн тэрбээр айлчлалын хүрээн үндэстэн дамжсан компьютерийн технологийн корпораци Майкрософтын Инноваци, бодлогын төвтэй танилцлаа. Түүнчлэн “Жи Пи Морган” банкны Засгийн газартай хамтын ажиллагаа хариуцсан захирал Дайнел Силиконтой уулзсан.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дэлхийн банкны гүйцэтгэх захирал хатагтай Ш.Индраватитай уулзлаа. Дэлхийн банк 2016 оны төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд манай улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ энэ уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Вашингтон дахь Америкийн хамгийн нэр хүндтэй таван байгууллагын нэг АНУ-ын Худалдааны танхимын бизнес форумд оролцож үг хэллээ. Тэрбээр форумд оролцохын өмнө АНУ-ын хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзан Худалдааны танхимын бизнесийн төлөөлөгчидтэй дугуй ширээний уулзалт хийсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес форумд хэлсэн үгэндээ “Миний удирдаж буй Засгийн газрын тэргүүлэх чиглэл бол эдийн засаг юм. Монгол Улс урт хугацаанд таны бизнесийн найдвартай түнш байх болно. Тиймээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байна. Бид шинэ санаа, бүтээлч хөрөнгө оруулалтыг хүлээн авахад бэлэн байна” гэлээ.
Баасан гарагт АНУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны хоорондох эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн өргөжүүлэх талаар голлон ярилцаж, талууд санал солилцсон юм.
Ипотекийн зээлийн орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргах асуудал бүрэн шийдэгдлээ. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын ярилцлагыг ЭНДЭЭС уншина уу.
Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Аймгуудын баяр наадмын хуваарийг ЭНДЭЭС унших боломжтой.
Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын автозамын хөдөлгөөнийг 2015 оны зургаадугаар сарын 26-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 27-ны 23:00 цаг хүртэл хааж, 24 цагийн хугацаанд автозамын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг танилцуулъя. Өнөөдөр баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Шөнөдөө говь, талын нутгаар салхи секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, өдөртөө нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. Зургаадугаар сарын 28-нд баруун зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн баруун хэсгээр, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, долоодугаар сарын 1-нд баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, бусад хугацаанд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.