Шууд Chart

Англиас авч ирэх хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулна

2015-07-03 11:36:42

ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчрахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гурван сая еврогоор үнэлэгдэж байгаа уг бүтээлийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр худалдан авч, улсын сан хөмрөгт шилжүүлж байгаа юм.

Эзэн богд Чингис хааны энэхүү хөшөө, баримлыг эх орондоо авч ирэх, Монголын ард түмний хүртээл болгохын тулд уг бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж Засгийн газраас холбогдох Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсныг өчигдөр чуулганаар эцэслэн баталлаа. Ингэснээр уг хөшөөг ямар нэг татваргүйгээр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийнх нь үнэ болох гурван сая еврог төлж эх орондоо авчирч байна. Уг хөшөөг Монголд авчирсны дараа Чингисийн талбай дээр Сүхбаатарын хөшөөний оронд байрлуулна гэх цуурхал тарсан ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт үгүйсгэсэн. Харин өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг хөшөөг ард иргэдэд үзүүлэх үүднээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар болсон гэдгийг хэлсэн юм.

Дашрамд дурдахад, дэлхийд ганцхан энэ хосгүй бүтээлийг 2012 оны Лондоны зуны Олимпын наадмаар байршуулсан байсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Англиас авч ирэх хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулна  
Үзсэн: 1231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй