Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт АНУ-д хийсэн айлчлалаа өндөрлөсөн. Эх орондоо ирээд удаагүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ долоо хоногт буюу зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 3-ныг хүртэл Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Лондоны Хөрөнгийн биржийн долоодугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээж, Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцсон юм. Мөн Европын сэргээн босголтын банкны Захирлуудын зөвлөлийн хуралд оролцож, үг хэлсэн. Ерөнхий сайдын айлчлалаас онцлох нэг үйл явдал бол Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой хийсэн уулзалт байлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын гол зорилго хөрөнгө оруулалт татах юм гэдгийг онцлоод хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Британи улсын Засгийн газрын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Британийн компаниудад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа. Харин ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Девид Камерон Британийн Засгийн газар Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.
Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммондыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцаа түүний дотор соёлын харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй байгаа. Монголын Засгийн газар эдийн засагт ач холбогдол өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллаж байгаа гэлээ.
Энэ уулзалтын үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцаа, аялал жуучлал, оюутан солилцоо, боловсролын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар уулзалтын үеэр ярилцлаа. Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд нэр дэвшсэнийг Британийн Засгийн газар дэмжиж байгаа гэж ноён Филип Хэммонд хэлжээ.
Энэ долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн төрийн айлчлал хийгээд буцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС http://mnb.mn/f/57862 унших боломжтой. Манай хоёр орон М-2 гэсэн харилцааны хэлбэрийг хэрэгжүүлэхээр хамтарч ажиллах болсныг энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нарын Төрийн ордны Б танхимд хийсэн өргөтгөсөн хэлэлцээний үеэр хоёр тал худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, соёл, эдийн засаг зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтойг тэмдэглэсэн. Мөн Монгол, Мьянмар нь байгалийн арвин нөөц баялагтай орнууд тул уул уурхайн салбарт байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар туршлага солилцох, геологийн хайгуулын чиглэлээр мэргэжилтэн солилцох, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд хамтран ажиллах зэрэг боломжийг эрэлхийлэн ажиллахаар тохиролцсон юм. Үүнээс гадна аялал жуулчлал, худалдаа, соёл, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр тал хөгжүүлэх боломжтойг талууд тэмдэглэж байлаа.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл энэ долоо хоногийн пүрэв гарагт батлагдлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийсэн. Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл “Энэ хуулийн гол зорилт нь эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хүүхэд харах үйлчилгээ гэж 2-6 насны хүүхдийг эрүүл аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэлнэ” гээд хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-65 насны Монгол Улсын иргэн байна хэмээн заасныг тодотголоо. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх, хүүхэд харах үйлчилгээний нэг байранд 15-аас илүүгүй хүүхэд байхаар заасныг мөн дуулгасан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хийгдэж, Засгийн газрын журам гарах юм байна.
ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авч ирнэ гэсэн мэдээллээс үүдэлтэйгээр уг хөшөөг хаана байрлуулах тухай таамаг иргэдийн дунд хөвөрч эхэлсэн. Тэдний зарим нь Чингисийн талбайд байгаа Сүхбаатарын хөшөөний оронд байрлуулах болсон мэтээр ташаа ойлголттой байсан юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт үүнийг үгүйсгэсэн мэдээлэл хүртэл хийсэн. Харин пүрэв гарагт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг хөшөөг ард иргэдэд үзүүлэх үүднээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар болсон юм.
Амралтын өдрүүдэд нутгийн төв хэсгээр аагим халуун үргэлжлэх тул, хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Долоодугаар сарын 5-нд баруун, төв, говийн нутгаар, 6, 7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 5, 6-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар, 7, 8-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 35-40 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. 6, 7-нд нутгийн баруун хагаст сэрүүвтэр байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.