Шууд Chart

Ц.Элбэгдорж: Эцсийн дүндээ Засгийн газар огцрох болно. Тиймээс одоо ажлаа хийцгээ

2015-07-07 16:49:46

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая намын удирдлагуудтай уулзаж сүүлийн үед үүсээд байгаа Засгийн газрын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ыг төлөөлж Н.Батцэрэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар оролцсон юм.
 
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сүүлийн хэд хоногт үүссэн асуудлыг нэлээд харж суулаа. Энэ Засгийн газартай холбоотой үүссэн асуудал сайн зүйл рүү хүрэхгүй учраас үндсэн таван чиглэлээр өөрийн байр суурийг илэрхийлье” гэж бодлоо гэсэн юм. Тэрбээр дараах байр суурийг илэрхийллээ.
1.       МАН-ыг Засгийн газраасаа гаргана гэдэг бол юун түрүүнд хууль зөрчсөн асуудал. Учир нь 1990 онд Үндсэн хуульд байсан “Нам бол нийгмийг удирдан чиглүүлэгч” гэсэн заалтыг авсан. Тэгэхээр аль нэг намын хүсэлтээр Засгийн газрыг халж солих  асуудал байж болохгүй. Тэгээд ч Засгийн газрын гишүүдийг халах асуудлыг арван хүн сууж байгаад шийдчихгүй.
2.       Хариуцлагатай байх ёстой. Анх хамтарсан Засгийн газар байгуулахдаа дахиж ийм тогтворгүй байдал үүсгэхгүй гэж амласан. Би  саяхан намын дарга нартай уулзаж тогтвортой байдлын тухай ярьсан. Тэгээд ч хариуцлагатай баймаар байгаа бол сайд нарыг огцруулах биш харин УИХ-аар Улс төрийн намын тухай, Төрийн албаны тухай хуулийн төслүүдийг батла.
3.       Алдаа гээд орхисон муу зүйлээ дахиж давтах хэрэггүй. Ард түмэн хүүхдүүд биш учраас та нарын юу хийж ямар шийдвэр гаргахыг харж байгаа.
4.       Одоо ажлаа бодъё. Энэ Засгийн газрыг буулгалаа гэж бодоход үүнээс илүү Засгийн газар гарч ирэхгүй. Ерөнхий сайд нь гадаадад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх уулзалтууд хийгээд ирж байхад эзгүйд нь хулгайгаар ч юм шиг ийм үйлдэл хийснийг сайшаахгүй байна. Төр бол нэг л эзэнтэй байх ёстой. Ард түмний дундаас сонгогдсон нэг л хүнтэй. Тийм учраас та нар миний хэлсэн үгийг зүгээр нэг өнгөрөөх биш чиглэл болгох ёстой. Тэгээд одоо өрнөж байгаа энэ үйл явц Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ.
5.       Ерөнхий сайд санаачилгыг гартаа авах ёстой. Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Түүнээс биш  намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ дээ гэсэн байдлаар хандаж болохгүй. Энэ бүх тодорхойгүй байдал чинь ард түмний нуруун дээр ачаа болж ирнэ.
 
Ийнхүү Ерөнхийлөгч намуудыг сонгуулийн ажил хийлгүйгээр ажлаа л хийх ёстой хэмээлээ. 
 
 
Үүний дараа намын дарга нар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал,
 
МАН-ын дарга М.Энхболд: Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээний дүгнэлтийг АН хэтэрхий өөрийнхөө талд гаргасан байсан. Тийм учраас юуны түрүүнд энэ гэрээний биелэлтийг зөв дүгнүүлэх хүсэлтэй байна. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар манай бүлгийн хуралд орж ирэн долоон цаг гаруй ярьж байж Засагт хамтрахаар болоод манай зургаан сайдыг авсан. Гэтэл одоо зургаан сайдыг маань яах нь тодорхойгүй хаях болчих гээд байна. Тийм учраас Ерөнхий сайдыг манай сайд нарын асуудлыг өөрөө УИХ-д оруулж ирэхийг хүсч байна.
 
АН-ын дарга З.Энхболд: Хамтарсан гэрээг дүгнэх асуудлыг бол дахиж хийж болно. Манай нам Засгийн газрыг огцруулахгүй гэдэгт Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Харин сайд нарыг солих асуудал бол хууль зөрчихгүй. Тэгээд ч МАН өнгөрсөн оны 12 дугаар сараас хамтарч ажиллаж эхлэхдээ ямар ч сонгууль хийхгүй гэж байсан хэдий ч зөвхөн сонгуулийн л ажил хийж байна.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Эхний ээлжинд парламентад суудалтай бүх намууд учраа олох хэрэгтэй. Үүний дараа би эрх үүргийнхээ хүрээн дэх ажлаа хийнэ. Зургаан сайдыг огцруулах асуудлыг би УИХ-д оруулахгүй.
 
МҮАН-ын дарга М.Энхсайхан:  Энд төр нь дээр үү, нам нь дээр үү гэдэг асуудал үүсээд байна. Зөвхөн АН-ын шийдвэрээр Засгийн газрын асуудлыг ярих нь буруу гэж бодож байна.
 
ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл: Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед эхлээд улс төрийн тогтвортой байдлыг бий болгох ёстой. Тиймээс улс төрийн намуудын санал хүсэлтээр Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа.
 
Ийнхүү намуудын дарга нар байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгч нэг нам нь ярилцаад Засгийн газрын гишүүдийг огцруулна гээд тэрийг нь нөгөө нам нь хүлээж аваад тэгье гэдэг зүйл байж болохгүй. Үнэхээр болохгүй сайд нар байгаа бол Ерөнхий сайд хариуцлага ярих ёстой гэлээ. Мөн Ерөнхийлөгч сонгуулийн ажлыг сонгуулийн үедээ л хийх ёстой. Тэрнээс одоо бол зөвхөн төрийн ажлыг л хийх ёстой гэдгийг дахин хэлээд өнөөдөр намуудтай ойлголцолд хүрч  чадлаа гэж бодож байна гэсэн юм.
 
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ц.Элбэгдорж: Эцсийн дүндээ Засгийн газар огцрох болно. Тиймээс одоо ажлаа хийцгээ  
Үзсэн: 2180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
213.229.101.xxx [213.229.101.xxx] 2015-07-07 17:18
zuw sh dee zasgiin gazar tsag ni bolhoor ogtsorchil taaraa tiim bolhoor naana ni svrjigneed blgvi ajlaa sain hiihee bod
213.229.101.xxx [213.229.101.xxx] 2015-07-07 17:18
zuw sh dee zasgiin gazar tsag ni bolhoor ogtsorchil taaraa tiim bolhoor naana ni svrjigneed blgvi ajlaa sain hiihee bod
213.229.101.xxx [213.229.101.xxx] 2015-07-07 17:18
zuw sh dee zasgiin gazar tsag ni bolhoor ogtsorchil taaraa tiim bolhoor naana ni svrjigneed blgvi ajlaa sain hiihee bod
213.229.101.xxx [213.229.101.xxx] 2015-07-07 17:17
zuw sh dee zasgiin gazar tsag ni bolhoor ogtsorchil taaraa tiim bolhoor naana ni svrjigneed blgvi ajlaa sain hiihee bod
213.229.101.xxx [213.229.101.xxx] 2015-07-07 17:17
zuw sh dee zasgiin gazar tsag ni bolhoor ogtsorchil taaraa tiim bolhoor naana ni svrjigneed blgvi ajlaa sain hiihee bod

Бидэнтэй нэгдээрэй