Шууд Chart

“Дилерийн арилжааны төв”-д үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо хийх эрх олголоо

2015-07-08 11:54:33

Өнгөрсөн баасан гарагт болсон Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хурлаар 25 асуудал хэлэлцэв. Үнэт цаасны зах зээлийн тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай шинэ хуулиуд 2013 онд батлагдсанаар кастодиан, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, клирин (тооцооны)-гийн байгууллагууд зэрэг олон шинэ оролцогчид санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлж байна.

Тус хуралдаанаас үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрхийг анх удаа “Дилерийн арилжааны төв” ХХК-д олгосноор хувийн хэвшлийн үнэт цаасны арилжаа тооцооны байгууллага бий болов. Дэлхийн 70 орчим орны 100 гаруй биржид ашиглагддаг Nasdaq OMX группын цахим арилжааны системийг ашиглан  төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалт, иргэд, байгууллага, даатгал, арилжааны банк зэрэг санхүүгийн байгууллагуудын хийж буй хөрөнгө оруулалтын багцийг өөрийнхөө зорилтот зах зээл гэж тус компани үзэж байгаа ажээ. Тэдний ашиглах цахим арилжааны  систем нь бүх төрлийн хувьцаа, өрийн хэрэгсэл, санхүүгийн хэрэгслүүд, түүнчлэн валют, таваар (түүхий эд)-ын арилжаа солилцоог хийх боломжтойгоос гадна клиринг, төвлөрсөн хадгаламжийн болон брокерийн (back office) системтэйгээрээ давуу  талтай байна.

Мөн өдрийн хуралдаанаар жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцдог зарим итгэлцүүрийн хувь хэмжээг өөрчлөв. Тээврийн хэрэгслийг  ашиглаж байгаа газар нутгийн байршлийн итгэлцүүрийг   Улаанбаатар хотод 1,0 байсныг 1,2, Орхон, Сэлэнгэ, Дархан Уул, Төв аймагт 0,9  байсныг 1,1 болголоо. Хүн амын төвлөрөл ихтэй хот суурин газарт осол аваарь их гардагтай холбоотой эдгээрт оршин суудаг иргэдийн тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын хураамж нь олгож буй нөхөн төлбөрийнхөө хэмжээнд хүрдэггүйгээс итгэлцүүрийг нэмсэн байна. Мөн даатгуулагчийн нас,  автотээврийн хэрэгсэл  жолоодох туршлагын итгэлцүүр буюу  22 хүртлэх насны, 2 жил хүртэл туршлагатай жолоочийн ангилалыг хамгийн их осол аваарь гаргадаг 25 хүртэлх насны, 3 жил хүртэлхи туршлагатай жолооч нарт хамаатай байхаар,  тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадлын итгэлцүүрээр “В”ангилалын  хөдөлгүүрийн  багтаамжид хамаардаг техникийн хэрэгсэлд 0,1  фуктээр өсгөв. Ингэснээр нэг талаас даатгалын компаниудаа дэмжиж, нөгөө талаас даатгалын хураамжийг даатгалын тохиолдол их гаргадаг даатгуулагч арай илүү хэмжээгээр,  даатгалын тохиолдол гаргадаггүй даатгуулагчийн хувьд хөнгөлөлт эдлэх шударга зарчимд нийцүүлэн тогтоов гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 


“Дилерийн арилжааны төв”-д үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо хийх эрх олголоо  
Үзсэн: 959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй