Шууд Chart

"Шилдэг сурвалжлага"-ын эзэд тодров

2015-07-09 15:01:16

МҮОНРТ өнөөдөр баярын хурлаа зохион байгуулж, ажил үйлсээрээ манлайлсан уран бүтээлчдээ шагнаж урамшуулсан юм. Баярын хурлын үеэр радио, телевизийн уран бүтээлчдийн дунд зарласан “Шилдэг сурвалжлага”-ын шилдгүүдийг тодрууллаа. Энэ удаагийн сурвалжлагын уралдаанд радио, телевизийн нийт 42 бүтээл ирснээс, 25 нь шаардлага хангаж шүүлт хийгджээ. Телевизийн шилдэг сурвалжлагын төрөлд Б.Ариунцэцэгийн “Гялгар уутны хэрэглээг танах нь...” сурвалжлага шилдгээр шалгарсан бол радиогийн төрөлд  Г.Батзаяа, Д.Бат-Орших, Т.Батчимэг нарын "Өрх бүрт эрчим хүчний шимэгчид үүрлэсээр..." сурвалжлага хоёрдугаар байрт шалгарч, Ю.Гантөмөрийн сурвалжлага гуравдугаар байрыг хүртсэн юм. 

Б.Ариунцэцэг: “Цагийн хүрд” хөтөлбөр олонд хүлээн зөвшөөрөгдсөн нь ахмад сэтгүүлчдийн бидэнд өгсөн хүмүүжлийн үр шим юм

Энэ үеэр телевизийн төрөлд шилдэг сурвалжлагын шагнал хүртсэн ММ агентлагийн сурвалжлагч, редактор Б.Ариунцэцэгийн сэтгэгдлийг сонслоо.

-Танд нийт уран бүтээлчдийн өмнөөс баяр хүргэе. Уран бүтээлч хүнд өөрийнхөө хийсэн бүтээлийг өндрөөр үнэлүүлнэ гэдэг хамгийн сайхан мөч байдаг. Сэтгэгдлээсээ манай уншигчдад хуваалцаач?

-Баярлалаа. Бид өдөр бүр шилдэг сурвалжлага хийхийг зорьж ажилладаг. Үйл явдлын мэдээнд яваад зүгээр нэг сурвалжлаад өнгөрөх бус яаж мэдээлвэл сонирхолтой, олонд  хэрэгтэй байх вэ гэдгийг үргэлж бодож, төлөвлөж ажиллахыг хичээдэг. Ер нь манай ММ агентлагийн сэтгүүлч, редакторууд өдөр бүрийн мэдээллүүдээ шилдэг болгохын төлөө хичээж ажилладаг хамт олон. Тиймдээ ч бидний бэлтгэдэг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр маш олон жил хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр шалгарч байна. ММ агентлаг, “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чаддаг нь инженер, техникийн ажилчид, ахмад сэтгүүлчдийн маань бидэнд өгсөн хүмүүжлийн үр шим гэж би боддог. Тиймээс тэр бүх хүнд баярлалаа гэж хэлье.

-Шилдэг бүтээлийнхээ тухайд цухас дурдвал...

-2008 онд нийслэлийн Засаг дарга гялгар уутыг хэрэглээнээсээ гаргая  гэсэн захирамжийг гаргаад Монгол Улсын стандартаар батлуулсан байдаг. Хотын захирагчийн энэ шийдвэр гарснаас хойш хэсэгхэн хугацаанд цаасан уут хэрэглэсэн. Түүнээс хойш нэг их удаагүй дахиад л гялгар уутаа хэрэглээд эхэлсэн л дээ. Харин саяхан Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт цаасан уутны захиалга ирлээ гэж сонсоод түүнийг сурвалжлахаар очсон юм. Тэнд энэ жилийн наадмын хуушуурыг хийж зарах цаасан уутыг үйлдвэрлэж байсан. Үйлдвэрлэлийн явцыг хараад л нээрээ яагаад гялгар уутны хэрэглээг бүр хязгаарлаад цаасан уутыг ашиглаж болохгүй гэж бодоод энэ талаар сэдвийн сурвалжлага хийсэн маань өнөөдөр шилдгээр шалгарлаа. Ер нь бид дарга нарын гаргаад мартчихсан шийдвэрүүдийн араас нэхэн сурвалжилдаг. Энэ бүтээл маань тэр сурвалжлагуудын л нэг нь.

Дашрамд хэлэхэд, манай уран сайхны зөвлөл маш чадварлаг хамт олноос бүрдсэн байна. Маш хатуу шаардлага тавьж энэхүү уралдааныг дүгнэлээ. Зохион байгуулах албаныхан уралдаанд оролцож буй сурвалжлагыг 3 минутаас хэтэрч болохгүй гэсэн шаардлага тавьсан. Гэтэл сэдвийн сурвалжлага гэдэг боломжит бүх эх сурвалжийг оруулах хэрэгтэй байдаг. Тэр нь 3 минутад багтана гэдэг маш хэцүү. Сэдвийн сурвалжлагыг бид хамгийн багадаа 4.30 минутад багтаан бэлтгэдэг бол энэ удаагийнхыг нэлээд бага хугацаанд хатуу шаардлагын дор хийсэн. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Шилдэг сурвалжлага"-ын эзэд тодров  
Үзсэн: 2109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй