Шууд Chart

Ш.Батболд: Уяачид цагаа баримталж, морьдоо хоёр талд уралдуулахгүй байх хэрэгтэй

2015-07-11 10:39:21

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өчигдөр Хүй долоон худагт эхэлсэн. Мөн өдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болсон билээ. Тэгвэл яг одоо азарганууд гарааны зурхай руу хөдөлж байна. Энэ үеэр уралдааны замд гарч буй морьдод эрүүл мэндийн хяналт, шинжилгээ хийж буй НМЭГ-ын малын их эмч Ш.Батболдтой ярилцлаа.


-Нийслэлийн мал эмнэлгийн газраас энэ удаад Хүй долоон худагт ямар үүрэгтэй, ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Энэ жил байгаль цаг уурын хувьд ихээхэн онцлог жил. Ихэнх нутгаар гантай, шороо тоос ихтэй,  хуурайшилт ихтэй байна. Тиймээс энэ нөхцөл байдалд морьд уралдааныхаа замд бахардах, улмаар эндэх магадлал өндөртэй. Манайх үндсэн үүргийнхээ дагуу бүх насны морьдыг гараанд гарахад нь үзлэг хийж, зарим насанд нарийн шинжилгээ хийж байна. Үзлэгийн явцад уяачдадаа болоод уралдаанч хүүхдүүддээ зөвлөгөө өгч, уяа сойлго нь таараагүй, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн морьдыг эзэдтэй нь зөвлөлдөөд буцааж байгаа.

-Хурдан хүлгүүдийг хэрхэн үзэж оношилж байна. Уралдааны замд гарах боломжгүй морьд хэр олон байна вэ?

-Өчигдөр уралдсан морьдын уралдаанд буцаах адуу байсангүй. Дээд гурван насны морьдыг үзэж, нарийн шинжилгээ авч байна. Даага, шүдлэн, хязаалан насны морьдыг гарахад нь чагнах хэрэгслээр чагнаад оношилж байгаа. Шинжилгээ авахдаа тухайн адууны хамраас ус авдаг. Гуурсан төхөөрөмж хамар руу нь хийх байдлаар ус авч, түүнээс морины ханиад, амьсгалын замын өвчин байгаа эсэхийг оношилдог.



-Та бүхний хийсэн шинжилгээгээр өвчтэй адуу гарав уу ?

-Энэ жил мал амьтныг хамарсан нийтийн ханиад томуу байхгүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн тоосжилт, хуурайшилт их байна. Дээр нь наадмын өдрүүдэд хэт халах төлөвтэй байна. Урьдчилан сэргийлэх үүднээс манай байгууллага наадмын өмнө уяачдын галаар явж зөвлөмж өгөх, уралдааны моринд зарим эрүүл мэндийн үйлчилгээг өгч ажиллаж байна.

-НМЭГ-ын хэдэн эмч Хүй долоон худагт ажиллаж байна вэ?


-Байгуулагдсан цагаасаа манайх хурдан морины эрүүл аюулгүй байдалд хяналт тавьж, улс, бүсийн баяр наадмын үеэр үзлэгээ хийсээр ирсэн. Ингэж үзлэг оношлогоо хийдгийн учир нь уралдааны замд морь эндүүлэхгүй байх юм. Энэ жил 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай эмч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа.



-Уяачдад анхааруулж хэлэх үг байна уу?


-Уяачид цагаа баримталж, морьдоо гаргах хэрэгтэй байна. Цагаасаа хоцорч комисс, бүртгэлээрээ орсноос гарааны зурхай руу түрүүлж гарсан морьдынхоо араас гүйцэх гэж давхих, ингэснээр тухайн морь хоёр талд уралдах тохиолдол гардаг. Хоёр талд уралдана гэдэг мориндоо их хор хөнөөлтэй, бахардах, эндэх бас нэгэн шалтгаан болдог юм.

Мөн уралдааны морь ханиалгах, хамрынх нь нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд уралдаанд явуулахгүй байх, шаардлагатай тохиолдолд манай мал эмнэлгийн утсанд холбогдох боломжтой. 

-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье...

-Баярлалаа. Монгол түмэн минь сайхан наадаарай.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ш.Батболд: Уяачид цагаа баримталж, морьдоо хоёр талд уралдуулахгүй байх хэрэгтэй  
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй