Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Энэ долоо хоногт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригез Парриляагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 55 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог бөгөөд Монгол Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 20 жилийн дараа хийж буй айлчлал юм. Айлчлалынхаа хүрээнд сайд Л.Пүрэвсүрэн БНКУ-ын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Нэгдүгээр орлогч сайд Марселино Медина Гонзалестай албан ёсны хэлэлцээ хийв. Мөн БНКУ-ын дэд Ерөнхийлөгч Улисис Розалес Дел Торо-д бараалхсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндийг БНКУ-ын Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Раул Модэсто Кастро Руст уламжилж өгөхийг хүсээд, илгээлтийг гардуулсан билээ.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс, Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцон үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “Куба Улс нь Латин Америк, Карибын орнуудаас анх түрүүнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоож, хагас зууны туршид тус бүс нутгийн орнуудтай харилцахад Монгол Улсын найдвартай түнш, гүүр болж ирсэнд бид үргэлж талархаж байдаг. Монгол Улс найрсаг Куба Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирсэн” гэдгийг тэмдэглэв.
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлын нээлт өнгөрсөн баасан гарагт Чингисийн талбайд боллоо. Энэ өдрөөс эхлэн автобусанд суухдаа иргэд картаа цахим машинд уншуулж орж байгаа юм. Цахим карт худалдаж авч амжаагүй иргэд автобусанд байрлах бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж үйлчлүүлж болно. Цахим картыг автобусны буудал дээрх ТҮЦ-үүдээс худалдан авах бөгөөд одоогоор 280 ТҮЦ-тэй карт борлуулах гэрээ байгуулжээ. Картыг нэг удаад 3600 төгрөгөөр худалдан авч, хэдэн ч жил ашиглаж болох юм. Картаа авсан тохиолдолд хамгийн багадаа 500, хамгийн ихдээ 90 мянган төгрөгөөр цэнэглэх боломжтой. Картын хувьд дотроо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, сурагч, энгийн иргэн гэсэн төрлүүдтэй. Цахим картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Манай улс эрчим хүчний системийн оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдан авдаг ба импортын цахилгааны үнийг ОХУ-ын талаас 2015 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс өсгөснөөс импортын цахилгааны чадлын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн. Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, нүүрс тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны сарын суурь тарифыг 2000 төгрөг болголоо.
Энэ долоо хоногийн эхээр сэтгүүлчид Чингисийн талбайд чимээгүй суулт хийлээ. Тодотговол, сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардан Монголын сайтын холбооны удирдах зөвлөлийн гишүүд суулт зарласан билээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
Жил бүрийн долоодугаар сарын 16-31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх" өдөр тохиодог. Энэ хүрээнд долоодугаар сарын 16-28-ны хооронд дүүрэг болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хууль сахиулах байгууллагын ажилтан зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдана.
Төмөр замын автобус хагас тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС сонсоорой.
Улсын баяр наадмаас өмнө монгол орны нийт нутгийн 15 хувь нь гантай байсан бол дунд 10 хоногийн байдлаар 10 орчим хувь болж буурсан таатай мэдээ байна. Энэ долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд 15 сум гантай байна гэсэн судалгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргажээ. Тодруулбал, Архангайн Хайрхан, Увсын Сагил, Түргэн, Хөвсгөлийн Хатгал, Сэлэнгийн Хушаат, Мандал, Баянгол, Дархан-Уулын Хонгор, Хэнтийн Баян-Овоо, Баянмөнх, Өмнөговийн Цогт-Овоо, Хүрмэн, Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Айраг, Дэлгэрэх сумын нутаг гантай байгаа юм.
Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдөр нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-29-нд нутгийн зүүн хэсгээр борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Салхи 26-28-нд нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 2374 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.