Алтан соёмботой товчийг нь бөхлөн суухдаа жаргалтай
Арын албанд зүтгэх цагдаагийн гэргий илтгэж байна
Амь насыг нь хэзээд л торгуулийн суманд илгээсэн
Амьдрал чиний амрыг цагдаагийн гэрээс эрж байна
Цайлган аавыхаа алган дээр өглөөг авчрах хүүгээ
Цацлын сүү шиг өргөх хань минь гэртээ эзгүй л байна
Цагийн зүү хүртэл амьдрах хүслийн сэрүүлэгтэй байхад
Цагдаагийн гэр бүл яагаад амар тайванг мэддэггүй юм бэ
Ээдрээт мянган хэргийг илрүүлсэн цагтаа л харих
Энэ айл эзнээ мэнд ирэхийг нь хүлээж байна
Сүүдэр чуулсан харанхуйд өчүүхэн гэгээ нэмэх л гэж
Шөнийн хотыг гэрэлтүүлэх ганцхан цонх манайх байна
Халамцуу эрийг сугàдан аясаар нь намирах ханьтайгаа
Хамгийн сүүлд хэзээ хамт алхсанаа санахгүй байна
Халдаж мэдэх гэмтэнг мөшгөж л яваа ханьтайгаа
Хатуу бэрх үед нь хамт байж чадахгүй л байна
Хариуцлагà тохсон албыг нь хааяахан хуваалцъя гэтэл
Хашир туршлагàгүй миний хүч даанч хүрэхгүй байна
Халуун сэтгэл хөрөх нь амжиж ир гэж тунимаар ч
Хайрын дуудлага өгөхөөр утас цохих эрхгүй л байна
Хань минь даанч нэрэлхүү зовлоо гэвч хэлэхгүй
Харсаар атал цагдаа нар цөм бүгд адилхан
Харин ч нэг хэнэггүй биеэ ер бодохгүй
Хачин улс цагдаа нар тэд бүгд ижилхэн
Эргүүлд яваад ирээгүй анхны болзоо нь эзгүй ч
Ээлжинд гараад өнжөөгүй амаржихын үүд гомдолтой ч
Мөрийг нь солонго шиг түшээд энх өглөөг угтмаар байна
Мөрдсийг нь согоо шиг дэрлээд энэ насаа элээмээр байна
Мяндас зөөлөн сэтгэлээр товчийг нь бөхлөхийн хүслэн
Мянга мянган зүүний сүвэгчин цаанаас өнгийвч
Алга урвуулахын зайнд чиг амьдрал чиний төлөө
Алдаж мэдэх амийг нь юугаар бөхөлсөн юм бэ
Сүлдэт төрийн ивээлд малгай нь л багтаагүй байлтай
Сүүн мөртэй ханийн минь амь нь ч бас үнэтэй
Сүрт олны дунд муу нь олдоогүй байлтай
Сөргөөж боссон гэмтэнд алдаа нь ч бас хэрэгтэй
Хурдхан том болоод мундаг цагдаа болно доо гэх
Хуруун чинээхэн хүү минь хурандаа болох мөрөөдөлтэй
Хувь тавилан хатуу энэ алба хүнддэнэ гэж
Хурайлах ээж нь үрээ аавтай л байлгах хүсэлтэй
Хөөрхөн согтуу сайхан хулгайч гэж байдаггүйн адил
Хүү нь бусдыг хороосон ч ээжүүд буруутгаж чаддаггүйн адил
Илд бамбай шиг агссан цагдаа гэхээрээ төмөр биш
Хэв журам сахиулах албатай болохоороо мөнх биш
Цаг наргүй томилолттой цагдаагийн гэргий илтгэж байна
Цалин бага нь хамаагүй ээ насыг нь л их өгөөрэй
Хүүхэд бүхэн зөнтэй хурандаагийн ээж тушааж байна
Хүний үрс ялгаагүй ээ элгийг нь л бүтэн байлгаарай
Амрыг эрэн алхах хань минь шинэхэн цагдаа
Ахлах дэслэгч цолтой залуухан монгол цагдаа
Амар тайванг сахиулагч хань минь жирийн л цагдаа
Амь хайргүй тангарагтай жинхэнэ монгол цагдаа
Б.Болорцэрэн
Цагдаагийн гэргий илтгэж байна | ||
Үзсэн: 2883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.