Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Монгол Улсад 1990 оны долоодугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсан байдаг. Энэ үйл явдлын 25 жилийн ой энэ долоо хоногт тохиолоо. Ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хурал лхагва гарагт "Шангри Ла" зочид буудалд болсон юм. Тавь гаруй орны зочид төлөөлөгч оролцсон хүндэтгэлийн хурлаас бэлтгэсэн манай сэтгүүлчийн сурвалжлагыг ЭНДЭЭС уншина уу.
“Сайдын цаг” уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцлоо. Тэрбээр Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байгаа ч Төв, Сэлэнгэ, Булган аймаг нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөв байна гэх мэдээллийг өглөө. Энэ тоо цаашид нэмэгдэх боломжтой гэв. Ургацын төлөв байдлын мэдээ нарийвчилсан байдлаар ирэх наймдугаар 25-нд гарах аж. Харин хадлан бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгуудын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөргүйгээр бага оврын трактор хуваарилан олгож байгаа аж. Түүнчлэн 22 аж ахуйн нэгжийн техникийн шинэчлэлд 7.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн, үүний үр дүнд 23.6 мянган га талбайг тэг элдэншүүлгийн технологиор үрлэх, 7.8 мянган га-д химийн уринш хийх, 7.5 мянган га-д сүрлэн хучлага үүсгэх боломж бүрдүүлсэн гэлээ.
Ирэх даваа гарагт буюу наймдугаар сарын 3-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон. Энэ хуралдаанаар:
1. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;
2. Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
3. Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
4. Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
5. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
6. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
АНУ-ын Лос Анжелес хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн Тусгай олимпод манай тамирчид амжилттай оролцож байна. Бөөрөнцөг шидэлтийн төрөлд Б.Тулга хүрэл медаль хүртсэн бол 100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгө, Б.Номиндарь хүрэл медаль хүртлээ. Мөн Тусгай олимпийн жүдо бөхийн тэмцээнээс Б.Мягмарсүрэн, н.Тэмүүлэн нар алт, мөнгөн медаль хүртсэн байна. Одоогоор манай баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Монголд анх удаа гавлын ясыг нээхгүйгээр мэдрэлийн мэс засал амжилттай хийсэн таатай мэдээтэй зэрэгцэн бас нэг таагүй үйл явдал энэ долоо хоногт болов. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч дөрвөн хүн эмнэлэгт хандаж, нэг хүн нас барлаа. ЗӨСҮТ-өөс өвчний шалтгааныг илрүүлэх, идэвхтэй тандалт судалгаа хийх мэргэжлийн баг ажиллуулах, хазсан амьтны зүйлийн бүрдлийг тогтоох, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, аймгуудаас шавжинд хазуулж, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн мэдээлэл цуглуулах зэрэг ажлыг хийж байна.
Хотын нийтийн тээвэр цахим төлбөрийн системд шилжсэн. Ингэснээр иргэд цахим карт эсвэл бэлэн мөнгөний хайрцгийг ашиглан автобусаар зорчиж байна. Одоогоор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн энгийн иргэдийн карт бэлэн болсон байгаа юм. Харин оюутнуудын карт хараахан гарч амжаагүй байна. Ирэх сарын 15-наас оюутнуудын хөнгөлөлтийн карт олгогдож эхлэх ажээ. Нийслэлийн тээврийн газраас иргэдийг цахим картаа авч автобусаар үйлчлүүлэхийг уриаллаа.
Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23:00 цагаас ирэх наймдугаар сарын 5-ны 06:00 цаг хүртэл хаалаа. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчих юм байна. Мөн “Монгол шилтгээн”-ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж үйлчлэх юм.
Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөө, маргаашдаа төв болон зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүснэ. Наймдугаар сарын 2-нд нутгийн зүүн хагаст, 3, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2, 3-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.