Шууд Chart

Б.Гарамгайбаатар: Шаардлагатай бол дахин ээлжит бус чуулган зарлаж МАН-ын сайд нарын асуудлыг хэлэлцэнэ

2015-08-03 15:09:30

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар яригдсан гол асуудал нь ээлжит бус чуулгантай холбоотой асуудал байсан юм. Өнөө өглөө 2015 оны УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүдийн хэн нь ч оролцоогүй. Энэ талаар  АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын гишүүдийн ажил бол чуулган болон байнгын хороодын хуралдаанд суух, хэлэлцэж байгаа асуудалд идэвхитэй оролцох ёстой. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр чуулганы хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ суусангүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр тэд зөвхөн сандал ширээгээ хамгаалахын төлөө шантааж хийж байгаа юм шиг харагдаж байна. МАН-ын гишүүдгүйгээр УИХ-ын чуулган үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэдэг нь өнөөдөр харагдлаа” гэсэн юм. 

Харин АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тэрбээр “Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль зэрэг таван хуулийг АН-ын бүлэг 100 хувь дэмжиж ажиллана” гэлээ. Түүнчлэн Засгийн газрын гишүүдийн асуудал Ерөнхийлөгчтэй зөвшилцлийн хүрээнд явагдаж байгаа гэдгийг дурдаад хэрэв ээлжит бус чуулганы 14 хоногийн хугацаанд Засгийн газрын гишүүдтэй холбоотой асуудал хэлэлцэгдэхгүй бол дахин  ээлжит бус чуулган зарлана гэсэн юм.  Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намынхаа ҮЗХ-г хуралдуудах шаардлагыг намынхаа даргад хүргүүлсэн талаарх асуудалд “Одоогоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намынхаа дарга З.Энхболдод өөрийнхөө хүсэлтийг илэрхийлж, шаардлага хүргүүлээд байна. Тэгэхээр энэ асуудлыг намын дүрэм, журмаар шийднэ. Харин сайд нарыг чөлөөлөх болон томилох асуудлыг ээлжит бус чуулганы хугацаанд шийдвэрлэнэ гэж бодож байна” гэсэн хариултыг өглөө.

Нийтэлсэн: О.Энхмаа

Б.Гарамгайбаатар: Шаардлагатай бол дахин ээлжит бус чуулган зарлаж МАН-ын сайд нарын асуудлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-08-03 16:05
zow do eronhii saidad hariutslaga tootsoh heregtei shu

Бидэнтэй нэгдээрэй