АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр 54 нас хүрлээ. Тэрбээр 1961 оны наймдугаар сарын дөрөвний өдөр Хавай мужийн Хонолулуд төржээ. Түүнийг бага байхад нь эцэг эх нь салж, ээжтэйгээ амьдардаг байх үед нь буюу 1995 онд түүний ээж нь хорт хавдраар нас барсан байна.
Тэр алдарт Пунахоугийн Академийг 1979 онд онц дүнтэй төгссөн бөгөөд сургуульдаа гуравхан хар арьст оюутны нэг нь байсан аж. Энэ үед Обама анх гарал угсаа арьс өнгөний ялгааг мэдэх болж Африк-Америк байх ямар вэ гэдгийг ойлгосон гэдгийг хожим нь дурссан байдаг. Мөн тэрбээр идэр залуу насандаа архи тамхи, кокайн, марихуан хэрэглэж байснаа мөн номдоо хүлээн зөвшөөрчээ.
Түүнчлэн Обама 1988 онд Харвардын Хуулийн сургуульд элсэн орж, 1990 онд Харвардын Хуулийн сэтгүүлийн анхны хар арьст Америк эрхлэгчээр сонгогджээ.
Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Сенатад Иллиной муж улсаас сонгогдон ажиллаж байсан юм. Тэрбээр 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгч сонгуульд Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшиж, багц саналаар өрсөлдөгчөөсөө хавьгүй олон санал авч, Америкийн Нэгдсэн Улсын түүхэнд анхны африк-америк Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлт, амжилтынх нь төлөө 2009 онд Энхтайвны салбар дахь Нобелийн шагналаар шагнажээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчдөөс Нобелийн шагнал авсан дөрөв дэх хүн (Теодор Рузвельт, Вудроу Вильсон, Жимми Картерын дараа) болсон юм.
Энэ жилийн төрсөн өдрөөр АНУ-ын Ерөнхийлөгч "44Turns54" гэсэн карт бүхий уриан дор тэмдэглэсэн бөгөөд тэрбээр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч юм.
Тэрбээр төрсөн өдрөөрөө олон улсын болон дотоодын хэмжээнд шийдвэрлэх олон асуудалтай байсан учир ажилласаар байсан хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллэжээ. Үүнээс гадна олон нийтийн сошиал сүлжээгээр түүнд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд болон дэлхийн алдартнууд мэндчилгээ дэвшүүлсээр байгаа юм.
Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе, Барак Обама | ||
Үзсэн: 3389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.