
Маргааш Бразилын Сан Пауло хотод эхлэх “Дэлхийн ур чадвар-2015” тэмцээний гагнуурын төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх М.Доржсүрэнгийн талаарх сурвалжлагийг хүргэж байна.
-Би цаг хугацааг дэмий үрэх дургүй-
“Монгол ур чадвар-2014” тэмцээний гагнуурын төрөлд ялагч болж, Бразилын Сан Пауло хотод зохиогдох “Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцохоор болсон М.Доржсүрэнтэй уулзахаар Монгол-Германы хамтарсан Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг зорилоо.
Дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд улсынхаа “нэрийн хуудас” болон оролцох залуу баялаг бүтээгч маань мэргэжлийн багш Д.Болдбаатарын хамт бэлтгэлээ базаагаад тун завгүй. Тэмцээнд ялсныхаа дараа өдрөөс л олон улсын шилдгүүдтэй өрсөлдөх бэлтгэлдээ ханцуй шамлан орсон тэрбээр өглөө эртлэн босож сургуулийнхаа зүг яардаг гэх. Ийнхүү ирээд урсан өнгөрөх цагтай уралдан, гагнуураа хийж, хэлний бэлтгэлдээ гүйж, дуусгаж ирээд гагнуураа үргэлжлүүлнэ гээд түүний нэг өдрийн ажил зав чөлөөгүй хөвөрдөг аж. Гэхдээ тэрбээр үүнийг “Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох гэж буй хүний хувьд нэг их хүнд хэцүү ажил биш” хэмээн тайлбарлаж байв. Тэр үргэлжлүүлэн “Би одоохондоо хэлний бэлтгэлдээ илүү их анхаарч байна. Хэлний бэлтгэл дуусаад БНСУ руу туршлага солилцох сургалтад нэг сарын хугацаатай явна. Солонгосын оролцогчдоос суралцах зүйл их байна. 2013 оны “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд тус улсын оролцогч гагнуурын төрөлд түрүүлсэн гэсэн. Тэгэхээр энэ нэг талаараа надад давуу тал болж байна аа” хэмээн өгүүлэх нь тус тэмцээнд сэтгэл зүрхээ зориулан бэлтгэж байгааг нь илтгэх мэт. Нийслэлийн 53 дугаар сургуульд 11 дүгээр анги хүртлээ суралцсан тэрбээр хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээ даган ийнхүү мэргэжилтэй ажилтан болохоор сэтгэл шулуудсан гэнэ. Харин энэ талаараа ярихдаа “Би цаг хугацааг дэмий үрэх дургүй. Тиймдээ ч богино хугацаанд мэргэжилтэй болох энэхүү аргыг сонгосон. Энэ сургуульд сурснаар мөрөөдөлдөө хүрэх зам минь нэлээдгүй зайгаар ойртсон гэж бодож байгаа. Үүнээс гадна “Надаар хийлгэвэл би ойлгоно” гэдэг шиг практик ажиллагаа сайтай. Онол уншаад цээжлэх биш өөрийн гараар барьж, нэг бүрчлэн сурна гэдэг сайхан байдаг” гэж байна билээ. Түүнийг хэлэх үг, хийдэг ажилдаа эзэн болж чаддаг гэдгийг сургуулийн хамт олон нь ч нэг дугаар өгүүлж байсан юм.
Харин түүнд өөрийн эрдэм мэдлэгээ харамгүй зааж, туршлага болоод үнэтэй сургамжаа хайрлаж буй Болдбаатар багшийн шавь нар олон улсын тэмцээнд сүүлийн жилүүдэд дараалан дээгүүр байрт шалгарч байгаа. Тэрбээр “Багш хүнд хичээл зааж буй хүүхдүүдийнхэн ур чадвар шууд л мэдрэгддэг. Аливааг сурах хүсэл эрмэлзэлтэй, ур чадвартай хүүхдүүд эхнээсээ л бусдаасаа ялгараад ирдэг юм. Доржсүрэн тийм л хүүхэд. Харин залуу хүн учраас туршлагын хувьд суралцах зүйл бий. Ирэх онд зохиогдох тэмцээний даалгавар бидэнд ирсэн. Түүнийхээ дагуу бэлтгэлээ хийж байна даа. Гэхдээ хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн хувьд шаардлагатай зүйл байгаа. Үүнийг Хөдөлмөрийн яамнаас шийдвэрлэж өгөх байх. Ер нь Олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцогч дэлхий дахинд хэрэглэгддэг өндөр технологиуд дээр ажиллаж сурсан байх шаардлагатай. Солонгос руу явахдаа бид энэ талаар судална. Ирээд яамандаа уламжилна. Түүнчлэн бидэнтэй хамт гагнуурын төрөлд хоёрдугаар байранд орсон суралцагч бэлтгэл хийж байгаа. Бие биеэсээ туршлага хуваалцаад давуу талтай байна” хэмээн ярьж байв.
Мэргэжлийн боловсролын салбарт багагүй хугацаанд ажилласан түүний шавь нар өнгөрөгч онд Бээжин хотод зохион байгуулагдсан 18 орны 300 гаруй мэргэжлийн сурагчдын дундах тэмцээнд амжилттай оролцож багаараа хоёрдугаарт шалгаран, мөнгө хүрэл медалийг өвөртлөн ирсэн ажээ. Эрдэм заалгасан шавь нар нь сайн сайхан амьдарч, амжилт гаргах бүрд нь өөрөө авсан мэт бахархдаг тэрбээр отгон шавиасаа ч ихийг хүлээж буй.
Их итгэл найдварыг өвөртөлсөн Доржсүрэнгийн хувьд загварын тайзаа гагнуурын багажаар сольсон нэгэн. Цэвэрхэн хувцаслаж, цэмцгэрхэн явах ажлаа тэрбээр ийнхүү тоос шороо, төмөртэй харьцах гагнуурчны мэргэжлээр сольсондоо харин ч сэтгэл хангалуун байдаг гэсэн. “Төмөртэй харьцаж байгаа хүн тосгүй байна гэж юу байх вэ” хэмээн инээмсэглээд гараа нэг шударсан болчихоод мэндэлсэн түүнийг мэргэжилдээ үнэнч байж, хөдөлмөрөөрөө эх орныхоо баялаг бүтээгчдийн эгнээг тэргүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй биз.
Дарга хүн нэг өдрийн хоолтой бол мэргэжилтэй хүн нэг насны хоолтой гэдэг. Үүний адилаар нэг насныхаа хоол руу хүсэж тэмүүлсэн Доржсүрэнгийн хувьд энэхүү мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсахгүй гэсэн.
Өнгөрөгч зургаадугаар сард сургуулиа төгссөн тэрбээр аль хэдийн ажлын талбартаа хүрсэн гэхээр түүний сонголт зөв байсан гэдгийг баталж байх шиг. Тэрбээр одоо “Хасу Мегаватт” ХХК-ийн мэргэжилтэй ажилтан. Ажлаа хийнэ, тэмцээндээ бэлдэнэ гээд зав чөлөө багатай ажиллах түүний цагаас хэсэг хугацаанд хугасалсан бидний сурвалжлага өндөрлөж бид түүнд шинэ цагийн шилдэг баялаг бүтээгч болохыг хүсэн ерөөсөн юм.
Түүнчлэн “Дэлхийн ур чадварын тэмцээнд очоод Монгол ур чадвар ямар болохыг үзүүлээд өг. Бразил энэ жил хөлбөмбөгийн аваргаа Германд алдсан бол ур чадварын аваргаа Монголд алдах болно” хэмээн дамжуулсан олон нийтийн урмын үгийг энд дайя.
2014 он.
Загварын тайзнаас гагнуурчин болсон нь | ||
Үзсэн: 4171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.