УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн тухай хуулийг батласнаас хойш МАН уг хуулийг эсэргүүцэж байна гэдгээ мэдэгдсээр байгаа. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлэг Өршөөлийн тухай хуулийн сая батлагдсан хувилбарыг дэмжихгүй байгаа гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь хэрэгждэг байсан насанд хүрээгүй үедээ гэмт хэрэгт холбогдсон, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, эрүүл мэндийн хувьд ял эдлэх чадамжгүй болсон зэрэг хүмүүсийг ялаас чөлөөлөхийг дэмжиж байгаа, харин албан тушаалтны гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахыг дэмжихгүй байгаа ажээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ Өршөөлийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиас өмнө зургаан удаа өршөөлийн хууль баталж байсан. Тэдгээр хуульд насанд хүрээгүй үедээ гэмт хэрэгт холбогдсон, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, эрүүл мэндийн хувьд ял эдлэх чадамжгүй болсон, хөнгөн болон хүндэвтэр гэмт хэргийг хамруулдаг байсан. Энэ удаагийн Өршөөлийн хуулийг Засгийн газраас дээрх зарчмын дагуу өргөн барьсан. Энэ хувилбараар нь МАН-ын бүлэг дэмжихэд бэлэн байсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн саналаар албан тушаал, авлигалын хэргийг хамруулах болсон. Үүнийг МАН-ын бүлэг эсэргүүцсэн.
Тиймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах үед МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй. Ер нь бол ээлжит бус чуулган анхнаасаа хууль бусаар хуралдсан. Хуулийг баталсны дараа хэрэгжүүлэх комисс байгуулах болсон. Энэ комисст манай намын бүлгийн гишүүд оролцох боломжгүй” гэлээ.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Хэдхэн жилийн өмнө сонгуульд “Авлигачдын нурууг атийлгаж, Ард түмний нурууг тэнийлгэнэ” гэсэн уриатай орж байсан улс төрийн хүчин өнөөдөр үүнийхээ эсрэг ажиллаж байна. Өршөөлийн хуулийг далимдуулан албан тушаалын болон авлигын гэмт хэрэгтнүүдийн олнхийг өршөөж байна. “Авилгатай дайн зарлаж, авлигачдын цээцрлүүлцгээе” гэж уриалж байсан улс төрийн хүчин ийм алхам хийж байгаа нь Монголын улс төрийн эмгэнэл болж байна. “Цэвэр агаар сан”, “Нүүрс” хөтөлбөр, татварын зэрэг 10 тэрбум гаруй төгрөгийн хэргүүдийг өршөөж байгаа. Төрд шургалсан авлигачдыг, төрөөс төрсөн тэрбумтануудыг хөхүйлэн дэмжсэн хуулийг хүч төрж, баталлаа.
Өнөөдрийн ээлжит бус чуулганы хамгийн гол зорилго бол албан тушаалын, авилгын гэмт хэрэгтнүүдийг өршөөх эцсийн зорилготой байсан гэдэг нь батлагдаж байна. Монгол Улс 2012 онд Олон улсын байгууллагуудын авлигын индексээр 87 дугаар байрт орж байсан бол 2014 онд 107 байрт орсон. Өршөөлийн хууль батлагдсанаар Монгол Улс авлигалийн индщксээр хамгийн адагт орох боломж бүрдлээ. 2012 оноос хойших “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны зээл, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн 3.4 их наяд төгрөгийг завшсан бүх хүн энэ хуульд хамрагдаж байгаа.
МАН-ынхан шалгуулдагаа шалгуулаад, ял эдэлдэгээ эдлээд тэр байтугай шоронд байхдаа амиа алдсан хэрэг хүртэл гарсан. Тийм учраас МАН энэ хуулийг эсэргүүцэж байгаа” гэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ээлжит бус чуулган гэх халхавчийн дорх Төрийн ордонд төрийн эсрэг, хуулийн эсрэг “чимээгүй эргэлт” боллоо. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэд хэдэн удаа хууль санаачлагчид нь буцаасан. Гэвч ээлжит бус чуулганаар хүчээр баталлаа. Мөн Өршөөлийн тухай хуулийг хүчээр баталлаа.
Өршөөлийн хуулийг батлахдаа төрд шургалсан албан тушаалтнуудаа хариуцлага тооцдог Эрүүгийн хуулийн бүх заалт энэ өршөөлд бүрэн хэмжээгээр хамрагдах алхам хийлээ” гэсэн юм. Тэрбээр мөн “Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хууль 305 зүйлтэй. Үүнээс 78 зүйл нь ерөнхий, 227 зүйл тусгай ангид хамаардаг. Тусгай ангид авлига, албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага тооцдог 10 зүйл анги бий. Тэр 10 зүйлийг бүхэлд нь өршөөх болсон. Энэ зүйлүүдийг нь хэлж өгье” гэсэн юм. Өөрөөр хэлбэл Өршөөлийн тухай хуульд Эрүүгийн хуулийн доорх зүйлийн гэмт хэргүүд хамаарч байгаа юм байна.
1. 148 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах
2. 150 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
3. 156 дугаар зүйл Банкны тухай хууль тогтоомж зөрчих
4. 263 дугаар зүйл Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
5. 1661 дүгээр зүйл. Мөнгө угаах
6. 246 дүгээр зүйл Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
7. 268 дугаар зүйл Хээл хахууль авах
8. 269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх
9. 2701 дүгээр зүйл. Хууль бусаар хөрөнгөжих
10. 273 дугаар зүйл. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
Түүнчлэн Ц.Нямдорж гишүүн “Энэ батлагдаж байгаа хуулийн 4-р зүйлд хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ гэсэн заалт байгааг тэмдэглэж байна. Ийм хэргийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааг мөн хэрэгсэхгүй болгоно гэсэн дараагийн заалт нь ч байгаа. АН авлигачидтай тэмцэнэ, тэднийг цээрлүүлнэ гэж 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 10 жил зарласан. Авлигатай ингэж тэмцдэг гэдгээ өнөөдөр бодитойгоор харууллаа.
2012 оноос хойш шинэ эрх баригчид гарч ирээд идсэн уусан, зувчуулсан бүх хэргийнхээ хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажилагааг хэрэгсэхгүй болгож байна. Үүний цаана ямар хэргүүд байгаа талаар бүгд мэдэж байгаа. Ер нь ямар ч хэрэгт улс төрийн харьяалал гэж байдаггүй. Хэрэг хийсэн л бол хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд нөгөө Н.Алтанхуягийн ярьдаг Должин эмээ хүртэл шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчимтай юм.
Өнөөдөр бий болж байгаа нөхцөл байдал бол эрх барьж байгаа хугацааны эхний гурван жилд нь идэж уучихаад түүнийгээ цайруулахын тулд өршөөлийн хуулиар хаацайлж байгаад өөрсдөө ялаас мултрах ийм л төрийг бий болгож байна. 2000 онд бас ийм явдал болж байсан юм. Их хувьчлал нэрээр баахан өмч хувьчлал явуулчихаад 2000оны сонгууль явагдаж нэг суудалд үлдсэнийхээ дараа бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байсан гишүүдийг цуглуулж байгаад нэг хүнийг зохиомлоор нэмж байгаад 2000 оны долоодугаар сард Гончигдорж гишүүн Өршөөлийн хууль гэдэг юм батлах гээд явж байсан. АН-ынхан ингэж ял хариуцлагаас нэг удаа зугатаж чадсан. Одоо бүр цагаандаа гарч ээлжит бус чуулган зарлаж байгаад идсэн уусныг нь хэн мөрдөж шалгаж чадахгүй болох ийм хуулийн орчныг бий болгох алхам хийлээ. Монголд төр, хууль гэдэг юм байдаг бол үүний эсрэг л тэмцэх хэрэгтэй” гэлээ.
Эрүүгийн хуульд заасан 10 зүйлийн гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамаарна | ||
Үзсэн: 2242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.