2008 оны наймдугаар сарын 14. Энэ өдөр Монголчуудын ганхсан эвийг гагнасан өдөр гэхэд нэг их утгын жим алдрахгүй ээ. Энэ л өдөр хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Олимпийн их наадмаас Монгол хүн анх удаа алтан медаль энгэртээ гялалзуулсан. Энэ бол долоон жилийн өмнөх үйл явдал. Түүнээс хойш анхдагчаараа алдартай Булган нутгийн хүү бидний хэлж бэлэгшээсэнчлэн "булган сүүл"-тэй байж, шил даран олимп, дэлхийн аваргууд, хошой медальтнууд төрөн гарсан. Ингэж бид "бөмбөрцөг"-ийн олон алдартнуудтай болсон.
Наймдугаар сарын 14-ны энэ өдөр спорт эв нэгдлийг авч ирдэг гэдэгт Монгол хүн бүр итгэсэн. Тэр нэг жил Монголын улс төр, нийгэм бүхэлдээ хямарч, туйлдаж ядарсан байв. Гантай хахир зун бороо орж, хүн малын зоо тэнийдэг шиг тийм нэг баярт үйл явдлын сэжмээр Монгол хүн хот хөдөөгүй баярын нулимс унагасан. Энэ үеэс л хүн нийгмийн зоо тэнийх шиг болсон.
Энэ өдрийг Монголын жүдочдын өдөр болгон тэмдэглэх болсон нь учиртай. 2004 оны наймдугаар сарын 14-нд эдүгээгийн Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар Афины олимпоос шигшээ багийн цорын ганц хүрэл медалийг эх орондоо авч ирсэн бол 2008 оны энэ өдөр аварга Н.Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадмаас анхны алтан медалийг хүртэж, эх орон ард түмэндээ түүхэн гавьяа байгуулсан. Тэгэхээр наймдугаар сарын 14-ны өдөр Монголчуудын ганхсан эвийг гагнасан өдөр гэж хэлэх нэгэн шалтгаан болно.
Хоёр олимп дарааллан шөвгөрч, мөн л олимпийн анхны хос медальтан боллоо. Н.Түвшинбаяр 2008 оны олимпт Японы алдарт бөх Сүзүкиг "давхар хамах" мэхээр цэвэр ялж, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнөд Солонгосын Чанг коока үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүко үнэлгээгээр, эцэст нь бөмбөрцгийн хэмжээний хүчтэн Житкеевийг вазаригаар хожсон юм.
2012 оны олимпт дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай бэртэнг хөлтэй барилдаж сэдрээгээд мөнгөн медаль хүртэж олимпийн хос медальтан болсон нь нүдний өмнүүр одоо ч жирэлзэн үзэгдэж буй. Нэгэн эрхмийн хэлсэнчлэн "Лондоны олимпт Монгол түмний бахархал болсон энэ түнтгэр бор залуу эх орондоо олимпийн 21 дэх медалийг авч ирэхдээ ямар их эр зориг, тэвчээр гаргасныг бид харсан." Үнэхээр алтын дайтай мөнгийг их гүрнүүдийн нүдэн дээр энгэртээ зүүсэн билээ. Энэ хооронд лав хэд хэдэнтээ улсын аварга болж, Олон улсын, тив дэлхийн тэмцээнүүдэд амжилтаа хадгалсаар байна.
Домог болсон энэ хүчтэнийг зөвхөн бид ч биш, бусад нь бас хүндэтгэдэг. Жүдо хэмээх энэ спортоор олон алдартантай БНАСУ-ын тамирчин түүн рүү гүйн ирж мөргөв, 2012 оны Олимпт мөн Солонгосын бөхийг бэртэнги хөлийнхөө өвдөлтийг тэвчин байж ялсны дараах түүний дүр төрх бүх цаг үеийн олимпийн шилдэг 100 зурагт багтаж байв, энэ л хүчтэнд өмнөд хойд их гүрнүүд үргэлжид хамтран ажиллах санал тавьж байв.
Наймдугаар сарын 14-ны энэ өдөр спорт эв нэгдлийг авч ирдэг гэдэгт Монгол хүн бүр итгэнэм. Тэр нэг өдөр Монголын улс төрийн уур амьсгалыг сайхан болгоё гэж дэвжээнд гараагүй ч спортын их ялалтаар Монгол түмний эв нэгдлийг гагнасан энэ өдрийг санан дурсах бүрт омогшил төрнө. Түүхийн шаргал хуудаснаа алтан үсгээр бичигдэх энэ өдрийг мартах учиргүй. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр таныг гүнээ хүндэтгэе.
Монголчуудын ганхсан эвийг гагнасан өдөр | ||
Үзсэн: 4562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.