Ийм шог явдал байдаг юм байна. Мянганы хөгжлийн зорилтын баримт бичгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед энэ тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогт шогшров. Эх, нялхсын эндэгдэл сүүлийн таван жилийн дунджаар 1000 төрөлтөд 81 болж өмнөх үеийнхээс бараг 50 хувиар өссөн нь залуу гишүүнийг ийн бухимдахад хүргэсэн хэрэг. Манай төр, засгийнхан нйслэлийнхээ төв хэсэгт шахуу шоронгийн гоёмсог байр бариулаад бараг дуусаж буй. Шорон барихад төвөггүй олддог газар, хөрөнгө байхад сүүлийн хэдэн жил шинээр нэг ч төрөх эмнэлэг бариагүй юм байна. Эх, нялхсын эндэгдэл өсөхөд төрөх байрны хүрэлцээгүй байдал, байгаа хэдийнх нь базаахгүй үйлчилгээ ч нөлөөлжээ.
Байнгын хорооны дарга Д.Арвин ч гишүүнээсээ дутахгүй бачимдав. Тэрбээр, нэн яаралтай тогтоол гаргаж, I, II, III төрөх, ЭНЭШТ-ийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцах үүрэг бүхий УИХ, Засгийн газрын хамтарсан Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн гишүүн Д.Очирбат, С.Бямбацогт, П.Алтангэрэл, Д.Оюунхорол нар өчигдөр I, III амаржих газарт ажиллаж нөхцөл байдалтай танилцжээ. Өнөөдөр Д.Арвин, Д.Одбаяр, С.Оюун, Д.Дондог нар I төрөх болон ЭНЭШТ-д ажиллах юм байна. энэ сарын 25-нд Ажлын хэсгийн дүнг нэгтгэж, 26-ны өдрийн НББСШУБХ-ны хуралдаанд танилцуулах юм байна. Ажлын хэсгийнхэн амаржих газрын ачаалал, хүний нөөцийн хангамж, үйл ажиллагааны үзүүлэлт, хөрөнгө оруулалт, тулгамдаж байгаа асуудал, амаржих газруудаас холбогдох байгууллага, яамдад тавьсан асуудал, түүнээ шийдвэрлүүлсэн байдал, тэдгээрийн төсөв, хүрэлцээ хангамж, эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэм зэрэгтэй танилцана.
Э.ТӨР
Шоронд олддог мөнгө, газар төрөх эмнэлэг барихад олддоггүй | ||
Үзсэн: 1621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.