Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гонконгт явагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд Монголын Оюун Ухааны академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон авах боломжит 63 медалиас 14 алт, 13 мөнгө, 10 хүрэл нийт 37 медаль хүртэж нийлбэр дүнгээр Монгол улс хол зөрүүтэй тэргүүллээ.
Тус тэмцээнд нийт 13 улсын 119 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн юм. Тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор ой тогтоолтын ОУИМ Ө.Сэнгэсамдан 6 алт, 2 мөнгөн медаль хүртэж Ази Тивийн аварга боллоо. Тус тэмцээнд авсан 7141 оноогоор Дэлхийн чансаанд 3000 гаруй тамирчдаас тавдугаарт бичигджээ.
Тэмцээний нийлбэр дүнгээр эхний 3 байр:
Насанд хүрэгчдийн ангилал:
1. ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан (Монгол) – 7141 оноо
2. Их Мастер Э.Пүрэвжав (Монгол) – 5986 оноо
3. Их Мастер Erwin G.BALINIS (Филипин) – 5608 оноо
Өсвөр насны ангилал:
1. Их Мастер Э.Пүрэвжав (Монгол) – 5986 оноо
2. Э.Энхмөнх (Монгол) – 5336 оноо
3. З.Цэцэгзул (Монгол) – 5135 оноо
Бага насны ангилал:
1. Wenxuan DING – 3757 оноо /Малайз/
2. Н.Намуундарь – 3365 оноо /Монгол/
3. Zeqi CHEN – 3079 оноо /Хятад/
Тус тэмцээний өсвөр насны ангилалд Их Мастер Э.Пүрэвжав “Хоёртын тоолол” болон “30 минутын Хөзөр” төрөлд урьд өмнө манай тамирчдын эзэмшиж байсан Дэлхийн Рекордыг шинэчлэн тогтоожээ.Мөн манай тамирчдаас Ө.Сэнгэсамдан, А.Анударь, Б.Шижир-Эрдэнэ, Э.Энхмөнх, З.Цэцэгзул, Э.Пүрэвжав нар Азийн Мастер цолны болзлыг хангажээ.
Монголын ой тогтоогчид Ази тивд тэргүүллээ | ||
Үзсэн: 748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.