Казахстаны Астана хотноо өчигдөр жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60, 48 кг жингийн аваргууд тодорсон. Манай жүдочдоос 60 кг-ийн жинд 2014 оны дэлхийн аварга Г.Болдбаатар мөнгөн медалийн төлөө Казахстаны Рустав Ибраевтай барилдаж, юүко үнэлгээ алдсанаар нутгийн бөхөд дийлдсэн бол хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ким Вон Жинтэй барилдаж ялагдсанаар хоёр ч боломжийг алдлаа.
Дэлхийн аваргад анх удаагаа зодоглосон 19 настай залуу жүдоч Ц.Цогтбаатар гуравдугаар тойрогт Японы Ш.Торид ялагдсан юм. Тэрээр эхний хоёр өрсөлдөгч болох Швейцарийн жүдоч Людовик Чаммартин, Чехийн Павел Петриков нарыг цэвэр ялаад байсан юм.
Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Монголын тамирчдын гол найдварын нэг дэлхийн аварга М.Уранцэцэг жингийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч Японы бөх Харуна Асамитай барилдаж, торгуулиар ялагдлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Шие Шишиг цэвэр ялаад байв. Ийнхүү эхний өдөр зодоглосон манай гурван жүдоч медальд хүрсэнгүй.
Сонирхуулахад М.Уранцэцэгийн жинд Казахстан улсын нэрийн өмнөөс хүч үзсэн ОУХМ Г.Отгонцэцэг эхний тойрогт БНСУ-ын бөх Жон Бок Кёнтой барилдаж, цаг сунгасны эцэст юүко үнэлгээгээр дийлдэн, тэмцээнээ өндөрлүүллээ. Түүнчлэн 60 кг-д 2014 оны дэлхийн аварга Г.Болдбаатар болон, залуу жүдоч Ц.Цогтбаатар нар энэ өдөр БНСУ-ын Ким Вон Жинд хожигдлоо. Солонгос жүдочийн хувьд дэлхийн аваргын хос медальтан боллоо.
Эрэгтэй 60 кг: (60 бөх)
Алтан медаль: Елдос Сметов (Казахстан)
Мөнгөн медаль: Рустав Ибраев (Казахстан)
Хүрэл медаль: Ким Вон Жин (БНСУ), Тори Шишиме (Япон)
V байр: Ганбатын Болдбаатар (Монгол)
Эмэгтэй 48 кг:
Алтан медаль: Паула Парето (Аргентин)
Мөнгөн медаль: Харуна Асами (Япон)
Хүрэл медаль: Жонг Бо Кионг (БНСУ), Ами Кондо (Япон)
Манай гурван жүдоч медальд хүрсэнгүй | ||
Үзсэн: 1712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.