
Холливудын хамгийн чимээгүй, энгийн амьдралтай жүжигчин бол Keanu Reeves юм. Тэр яагаад энгийн амьдралыг илүүд үзэх болов гэдгийг сонирхуулъя.
Түүнд тансаг зэрэглэлийн байшин, машин аль нь ч байхгүй энгийн хоолны газар хооллож түрээсийн байранд амьдарч метрогоор үйлчлүүлж ямар нэгэн бие хамгаалагчгүй гудамжаар алхаж, энгийн цэвэрхэн хувцаслаж явдаг учир түүнийг хүмүүс заримдаа танихаасаа танихгүй нь их. Шалтгаан нь түүний амьдралд тохиолдсон зүйлүүд түүнийг баян тансаг амьдралыг хий хоосон зүйл гэж бодоход хүргэсэн байх.
Түүнийг бага байхад аав нь орхиж явсан бөгөөд энэ нь түүний амьдралаас авсан анхны хүнд цохилт нь байсан юм. 13 хүртлээ олон хойд эцгийн нүүрийг үзсэн Reeves нэг л өдөр жүжигчин болохоор шийдэж аавтайгаа сүүлийн удаа уулзан холбоогоо нэг мөсөн таслан жүжигчний гараагаа эхлүүлсэн юм.
Ингээд жүжигчний гараагаа эхлүүлсэн Reeves өсвөр насандаа өөрийн ах мэт найзладаг байсан Phoenix River-тэй танилцжээ. Түүний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг магадгүй Phoenix-тэй өнгөрөөсөн тэр хэсэг хугацаа байж болох юм. Хамтдаа 3 кинонд тоглоод амжсан бөгөөд харамсалтай нь түүний найз хар тамхи кокайнд хэт их донтоод түүнээсээ гарч чадалгүй 23 насандаа насан эцэслэжээ. Түүний найзууд хэлэхдээ “Түүний хэнд ч ярьдаггүй хэрнээ байнга бодож явдаг зүйл нь Фоениксийн үхэл юм” гэж хэлсэн байдаг.
Тэрбээр амьдралдаа нэг л бүсгүйг жинхнээсээ хайрласан бөгөөд тэр нь түүний эхнэр Жениффер Семи юм. Хосууд удаагүй хуримаа хийсэн бөгөөд жүжигчний карьер нь ч маш амжилттай байсан юм. Магадгүй энэ үед л элэг бүтэн амьдралыг мэдэрсэн байх. Женнифер удалгүй жирэмсэн болсон боловч 1999 оны 12 дугаар сард хосуудын хүүхэд цагаасаа эрт төрөн амьгүй гарснаар Женнифер энэхүү хүнд цохилтноосоо гарж чадалгүй хар тамхинд орон жилийн дараа автомашины ослоор нас баржээ. "Чиний хайртай хүмүүс яваад өгөхөд чи энэ хорвоод гав ганцаараа болчихно” гэж тэрбээр хэлсэн байдаг.
Зовлон шаналал нь аньж амжаагүй байхад түүний эгч Ким Рийвес нь заанжих нэртэй маш ховор өвчнөөр өвджээ. Тухайн үед Матрикс кинонд тоглоод олсон ашгийнхаа 70 хувийг эгчийнхээ төлөө зориулж өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийсний ачаар эгчийгээ хөл дээр нь босгож чаджээ. Энэ бүх хугацаанд төлөвлөгдсөн кинонуудаа бүгдийг нь цуцалж өдөр, шөнөгүй эгчийгээ асардаг байж.
Тэрбээр маш их зовлон шаналалтай учирч үзсэн ч зорилгоосоо хазайлгүй цөхрөлтгүй урагшилсаар байгаа нэгэн юм. Кинонд тоглоод олсон мөнгөө хүүхдийн санд хандивладаг бөгөөд нэгэн удаа Devil's Advocate кинонд ердөө Ал Пачинотой л тоглохын тулд сохор зоос ч авахаас татгалзаж байжээ.
Ал Пачинотой хамт кинонд тоглохын тулд мөнгө авахаас татгалзаж байв | ||
Үзсэн: 3254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.