Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудын тоймыг хүргэе.
Засгийн газраас жил бүр 100-аас доошгүй оюутанг гадаадын их, дээд сургуулиудад суралцуулахад шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж байх шийдвэр гаргасан.
Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн суралцуулах шалгаруулалт зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтын дүнгээр шаардлага хангасан 86 оюутан 2014 онд гэрээ хийж, холбогдох журмын дагуу төлбөрөө шилжүүлэн авсан байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд авто замын хөдөлгөөнд ачаалал үүсдэг. Тиймээс түр зохицуулалтыг хэрэгжүүлж эхлээд байна. Наймдугаар сарын 29 буюу бямба гарагт өглөөний 0800 - 2000 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 30-ны ням гарагт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм.
Монгол Улстай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээргүй орнуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх, хүлээн авах үйлчилгээг цахимаар хийх ажлыг Нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулж эхлээд байна. Шинээр программ боловсруулах ажил дуусах шатандаа оржээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ, бусад асуудлаар дотоодын үйлдвэрлэгч компанийн төлөөлөл мэдээлэл өглөө. "Бат-Зүү" компанийн зүгээс сурагчийн дүрэмт хувцас 35.000-55.000 төгрөгөөр зарагдаж байгаа гэв.
Цахим карт худалдан авч амжаагүй иргэдийг есдүгээр сарын 1-нээс өмнө картаа авахыг уриалж байна. Хэрэв ирэх сарын 1-нээс хойш бэлэн мөнгөөр зорчих бол 1000 төгрөг төлнө гэж албаны хүн мэдэгдлээ. Уншигч та бүхэн шинэчилсэн төлөвлөлтөөр өөрчлөгдсөн автобусны чиглэлүүдийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНДЭЭС уншина уу.
Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна.
Таримал ургамлын чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтаас гол хатгалтын үе буюу зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд тариалангийн гол бүс нутгаар хур бороо багатай байж, хэт их халснаас ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлжээ. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаан буудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацын 53.7 хувийг авахаар урьдчилсан төлөв гарчээ.
Сүүлийн үед гадаад улсын гэмт бүлэглэлүүдийн зүгээс үйлдэж буй интернэт луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд хохирох явдал гарах болжээ. Тиймээс Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
Ойрын хоногуудад зарим газраар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Наймдугаар сарын 30, есдүгээр сарын 2-нд зарим газраар, 31-нд нутгийн баруун хэсгээр, есдүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи наймдугаар сарын 31, ес дүгээр сарын 1-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна | ||
Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.