Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудын тоймыг хүргэе.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн Ерөнхийлөгчийн хориг тавигдсанаас бусад зүйл, заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг энэ долоо хоногт Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комиссоос гаргалаа. Тодруулбал, Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх, Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх, түүнчлэн хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох, хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох, мөн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох зэрэг асуудлыг холбогдох журмын дагуу түргэн шуурхай шийдвэрлэж эргэн танилцуулахыг Комиссын гишүүдэд үүрэг болгосон юм.
Энэ хуулиар 2015 оны долоодугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан. Үүний дагуу Өршөөлийн хуулиар долоодугаар сарын 2-ноос өмнө машин жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх ёстой юм. Энэ талаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын гишүүн ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү “Цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим хүн байна. Эдгээр иргэнд Өршөөлийн хууль үйлчлэх ёстой. Үйлчлэлийг нь эхлүүл гэх чиглэл өгсөн” хэмээн ярилаа. Түүнчлэн Өршөөлийн хуулиар хорих ангид ял эдлэж буй 1700 орчим хүн суллагдах ажээ.
Бүтэн сарын хугацаанд тал бүрэлдэхүүнтэй ажилласан Засгийн газрын шинэ гишүүдийн нэрийг баасан гарагт өргөн барилаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Монголын хөдөө аж ахуйн эрдэмтдийн академийн хүндэт профессор цолыг улсын хэмжээнд дөрвөн малчинд олгохоор шийдвэрлэсний дагуу Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн харьяат БНМАУ-ын хошой аварга малчин Ц.Цэрэндоржид Монголын хөдөө аж ахуйн эрдэмтдийн академийн “Хүндэт профессор” цолыг гардууллаа.
БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаалд монгол цэргүүд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойн баярт зориулсан цэргийн парадыг хүндэт зочны суудлаас үзэж сонирхов. Мөн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цэргүүдийнхээ сүрт жагсаалыг үзэж сонирхсон юм. Тянь Аньмэний талбайд зохион байгуулж буй цэргийн парадад гадаадын 17 улсын цэрэг армийн төлөөлөл жагссан бөгөөд манай улсаас нийт 74 цэргийн алба хаагч оролцов.
Газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэл үргэлжилж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
Дэлхийн тэргүүлэгч IT компаниуд хүн төрөлхтний зохиосон ховор, содон бичгийн дурсгалыг авч үлдэхийг зорьж байна. Энэхүү төслийн хүрээнд Өндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо болон хэвтээ дөрвөлжин үсгийг цахим ертөнцөд нэвтрүүлэхээр болжээ. Гэхдээ сайтар судлаж, сайн бэлтгэсний дараа, тэг зурлагын алдаагүй, кодолсон нөхцөлд нэвтрүүлэх нь зүйтэй гэж судлаачид үзэж байгаа юм. Мартагдах дөхсөн зарим бичиг үсгийг компьютер, гар утсанд суулган ашиглаж эхлэх нь мөхөхөөс хамгаалах бас нэг гарц байж болох юм. Санскрит, Төвд, Монгол хэлээр ном судар бичихэд зориулан зохиосон Соёмбо үсэг, түүний хурдан бичлэгийн хэлбэр хэвтээ дөрвөлжин үсгийг юникодод оруулах төслийг Энэтхэгийн эрдэмтэн Аншуман Пандей боловсруулжээ. Харин төслийг эхлүүлэх гэж яарахаас илүүтэй бүх зүйлийг чамбайруулж, алдаа мадаггүй болсон хойноо хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг судлаачид сануулж байна. Энэхүү төсөлд Монгол, АНУ, Японы судлаач эрдэмтэд, Монголын болон олон улсын стандартчилал хэмжилзүйн газар, хэл бичиг, компьютерийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.
МОХ болоод оюутнуудын төлөөлөл болсон 500 орчим залуу Чингисийн талбайд суулт хийлээ. Тэд оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог смарт карт хугацаандаа гараагүйгээс автобусаар 1000 төгрөгөөр зорчиж байгааг эсэргүүцэж ийнхүү суулт хийсэн юм.
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор 2015.09.04-2015.09.06-ны хооронд зарим авто замыг хаах хуваарь гаргаад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулна уу. Есдүгээр сарын 5-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг болон зүүн зүгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 7, 8-нд ихэнх нутгаар, 9-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна | ||
Үзсэн: 1604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.