Шууд Chart

Токиод “Монголын дуу хоолой” радиогийн талаар илтгэл тавигдлаа

2015-09-11 13:15:32

Токио хотын “BIG SIGHT” олон улсын үзэсгэлэнгийн танхимд наймдугаар сарын 22,  23-нд “Азийн утасгүй холбоо сонирхогч, судлаачдын нийгэмлэгийн форум-2015” болж өндөрлөлөө. Нийгэмлэгийн гишүүд цуглан түүхэн ололт, өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар харилцан ярилцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн тус арга хэмжээнд гадаад, дотоодын 36000 гаруй хүн оролцжээ.

Форумд Японы өнцөг булан бүрээс “Монголын дуу хоолой” радиогийн сонсогчид идэвхтэй оролцож, манай радиотой холбоотой эд зүйлсээр үзэсгэлэн гаргасан байна. Тэд нотолгооны хуудас (ил захидал), маркны цуглуулга, долгионы хуваарь, редакцийн танилцуулга, шагнал урамшуулал, Монгол бичгээр бичиж дурсгасан сонсогчдын нэрс зэргийг дэлгэн тавьсан нь форумд оролцогчдын анхаарлыг ихээр татсан байна.

Форумын үеэр “Монголын дуу хоолой” радио Япон хэлний редакцийн идэвхтэн сонсогч Хосоя Масао илтгэл тавьсан юм. Тэрбээр тус илтгэлдээ Монголын радио, ялангуяа “Монголын дуу хоолой” радиогийн түүхэн замнал, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Үүндээ МҮОНР-гийн байр, дамжуулах станц, редакцийн хамт олны өдөр тутмын ажлын явц, нэвтрүүлгийн бүтэц, агуулга, сонсогчдын хамрах хүрээ, захидлын тоо гэх мэт манай радиогийн тухай цогц ойлголтыг багтааж өгчээ.

Илтгэлийн үеэр “Япон хэлний редакцийн бэлтгэн хүргэдэг нэвтрүүлэг нь Японы сонсогч бидний хувьд Монголын талаар мэдээлэл олж авах чухал эх сурвалж болж байдаг. Сүүлийн үед нэвтрүүлэг, мэдээ материалаа холбогдох зургийн хамт интернэтэд байршуулж байгаа нь сайшаалтай юм” гэж онцлон тэмдэглэжээ.

Энэхүү форум нь Япон хийгээд Азийн радио сонирхогчдод “Монголын дуу хоолой” радиог сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан чухал арга хэмжээ боллоо. Үүний дүнд бидний цаашдын үйл ажиллагаа өргөжин, Азийн орнуудтай харилцах харилцаанд өргөн боломж нээгдэнэ гэж найдаж байна. 

Сонсогч Хосоя Масао гуайгаас ирүүлсэн захидлын орчуулгыг сийрүүлэн хүргэе.


 “Монголын дуу хоолой” радиогийн Япон хэлний редакцийн хамт олонд

Наймдугаар сарын 23-ны өдөр Токиод “Азийн утасгүй холбоо сонирхогч, судлаачдын нийгэмлэг”-ийн зохион байгуулсан форумд миний бие урилгаар оролцож, “Монголын дуу хоолой” радиогийн Япон хэл дээрх нэвтрүүлгийн тухай лекц уншсан юм. Тэр материалаа та бүхэнд явууллаа. Уншиж сонирхвол их баярлах болно.

“Азийн утасгүй холбоо сонирхогч, судлаачдын нийгэмлэг” нь богино долгионы радио сонирхогчдоос гадна гадаадын радио нэвтрүүлгүүдийн талаар судалгаа явуулдаг судлаачид, радио техникийн ажилчид ч хамрагддаг байгууллага юм. Тус байгууллагын гишүүд жил бүрийн зун цугларч, судалгааныхаа тайланг тавьж, лекц уншдаг билээ. Би энэ байгууллагын гишүүн биш ч жирийн нэг сонирхогчийн хувиар жил бүр форумд оролцож, Азийн орнуудын радио нэвтрүүлгийн тухай их зүйл мэдэж авдаг.

Байгууллагын гишүүд дотор Өмнөд болон Хойд Солонгос, Хятад, Тайвань зэрэг орны радио нэвтрүүлэг судлаач олон байдаг. Намайг өнгөрсөн жил  “Монголын дуу хоолой” радиогийн сонсогч редакцийн уулзалтыг Токиод зохион байгуулахад гар бие оролцсон гэж сонсоод, энэ радиогийн тухай ярьж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн юм.

Лекцийн дараа авсан санал асуулгад ихэнх нь сайн гэсэн үнэлгээ өгч,  “Өнөөг хүртэл “Монголын дуу хоолой” радиогийн тухай сонсож байсангүй. Цаашдаа сонсож, судлах болно” гэж олон хүн сэтгэгдлээ илэрхийлж байсан.

Би цаашид “Монголын дуу хоолой” радио нэвтрүүлгийн тухай тал бүрийн судалгаа хийе гэж бодож байна. Та бүхний ажилд амжилт хүсье.


Сонсогч Хосоя Масаогийн “Монголын дуу хоолой” радиогийн Япон хэлний редакци үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор (2014 он) илгээсэн дүрст мэндчилгээг сонирхоно уу.
video platformvideo managementvideo solutionsvideo player

Нийтэлсэн: Voice of Mongolia

Токиод “Монголын дуу хоолой” радиогийн талаар илтгэл тавигдлаа  
Үзсэн: 1929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
175.211.106.xxx [175.211.106.xxx] 2015-09-14 13:16
японууд л монголыг сонирхох юмаа
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-13 00:36
энэ монгол байгаа гэдгийг баталж байгаа хэрэг

Бидэнтэй нэгдээрэй