“Би Монголдоо хайртай түншлэл-2015” төслийн баг өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж байна. Төслийн багийнхан тус аймагт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт болон эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, түүхийн дурсгалт бүтээлийн үзмэр музейг үзэж танилцахаас гадна аймгийн Засаг дарга Б.Бадраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед таныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлигын хэрэгт холбогдон шалгуулж байгаа гэх мэдээлэл гарах боллоо. Үүнд тайлбар хийгээч?
-Сонгууль ойртоод ирэхээр л хүнийг гүтгэх юм. Би гурван жилийн өмнө Дулааны цахилгаан станц барьж мөнгө шамшигдуулсан мэдээллийн дагуу хуулийн байгууллагад очиж шалгуулсан, тайлбар ч өгсөн. Тэрнээс өөрөөр АТГ-т шалгуулаад байгаа зүйл байхгүй. 2008 онд аймгийн Засаг даргаар сонгогдоод 8 жилийн нүүр үзэж байна. Хүнийг гүтгэж доромжилдог асуудал нь зохион байгуулалттай юм. 2009 онд би цөсний хагалгаанд орох гээд Гашуунсухайт хилийн боомтоор гарсан юм. Бээжинд цөсний хагалгаанд орохоор машинаар явахдаа би өвчтэй хүн аажуухан тааваараа явсан юм л даа. Оройны 18:20 цагийн үед хилээр нэвтрүүлсэн. Гэтэл 2009 оны юмыг ярьж байж “Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа "Ганц худаг"-т хоригдлоо” гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Хүнийг өвчтэй зовлонтой явж байхад ингэж гүтгэнэ гэдэг их муухай. Тэгээд дараа нь үнэн зөвийг нь олчихоод хэнэг ч үгүй “Өө уучлаарай сумын Засаг даргатай андуурсан байна” гэж хэлж байгаа юм даа. Ер нь 2008 оны сонгуульд ороход би муу хэлэгдээгүй. Ямар ч асуудал “но” илрээгүй юм чинь. Гэтэл хоёр жил чимээгүй байж байгаад одоо хэн нэгний захиалгаар гүтгэж эхэллээ. Саяхан миний малгайтай зургийг тавиад “Өмнөговийн цалингаараа сайхан амьдарч байгаа” гэсэн мэдээлэл тавьсан байна лээ.
-Хоёр хүүтэй чинь хүртэл холбосон байсан?
-Миний хоёр хүү холбогдох байгууллагад шалгуулаад тайлбар өгсөн. Ямар ч холбоогүй гэдгийг нь нотлоод өгсөн шүү дээ. Элдвээр хэлүүлж, бичүүлж чичлүүлэхээр гэрийнхэнд маань хүнд хэцүү байдагт би эмзэглэдэг. Гэмгүй хүнийг гэмтэн шиг гүтгэчихээд “Уучлаарай” л гэж хэлдэг. Уг нь үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах ёстой баймаар даа. Одоогийн байдлаар надад шалгуулж байгаа юм байхгүй.
-Та ирэх сонгуульд УИХ-д нэр дэвших үү?
-Би хэзээ ч улстөрд нэр дэвшихгүй. Тэртээ, тэргүй манай аймгаас УИХ-д хоёр сайн хүн сууж байхад хажуугаар нь би орох нь дэмий биз дээ. Гэтэл манай аймгаас гаралтай гэсэн нэг нөхөр Улаанбаатарт очоод суучихсан сонгуулийн шоугаа эхлүүлсэн байна гэсэн шүү. Би говьд олон жил амьдарсан хүн гээд л өөрийгөө рекламдаж нэр дэвших сурагтай яваа гэсэн шүү. Ер нь зарим хүн улстөр хийхдээ хийж бүтээж байгаа хүнийг унагахын тулд элдэв муухай аргаар улайрах юм. Үнэн мөнийг нь хуулийн байгууллага тогтоочихдог юм шүү дээ.
-Танай аймагт эдийн засгийн хямрал хэр мэдрэгдэж байна вэ?
-Мэдрэгдэж байна шүү. Хоёр жилийн өмнө манай орон нутгийн төсвийн орлого хамаагүй их мөнгөтэй байсан бол гурван жилийн дотор гэхэд огцом буурсан үзүүлэлттэй байна. Бүр нэг тодорхой баримт хэлэхэд, өнгөрсөн зургаадугаар сард манай орон нутгийн орлого 12 сая төгрөгийн төсөвтэй байж үзлээ. Уг нь хамгийн баян, орлого арвинтай аймаг гэж яриад л байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ ийм байдалд хүрч байна. Гэхдээ цаг сайхан болж хямралаас гарна гэдэгт итгэж байгаа.
Б.Бадраа: Би АТГ-т шалгуулаагүй | ||
Үзсэн: 2104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.