
Үндэсний олон нийтийн цахим хуудас үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Бид энэ хугацаанд цаг үеийн, үнэн бодит, шуурхай мэдээллийг цаг алдалгүй хүргэж, эх орныхоо дөрвөн зүг найман зовхистод хүрч ажилласан байна.
Түүнчлэн МҮОНРТ-ийн 1, 2 дугаар сувгийн уран бүтээлчдийн бэлтгэсэн цаг үеийн мэдээ мэдээлэл, хөтөлбөрүүд болоод олны нөр их хөдөлмөрөөр бүтсэн уран сайхны нэвтрүүлгүүдийг шууд болон архивлан хүргэж олон нийтийн хүртээл болгожээ.
МҮОНРТ өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан уншдаг, сонсдог, үздэг цахим сайтыг байгуулж, технологийн дэвшлийг ашиглаж чадсанаараа Монголдоо анхдагч юм. Учир нь эрхэм та Үндэсний олон нийтийн цахим хуудас mnb.mn-ээс Монголын мэдээ сувгийн бэлтгэн хүргэдэг 11.00, 13.00, 15.00 цагийн мэдээллийн хөтөлбөр, “Цагийн хүрд” хөтөлбөр, “Ярилцъя” нэвтрүүлгүүдийг цаг тухай бүрт нь шууд хүлээн авч үзэх боломжтой бөгөөд тухайн цагт үзэж чадаагүй мэдээллийн хөтөлбөр болоод МҮОНТ-ийн 1-р сувгийн уран бүтээлчдийн бэлтгэдэг 120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэг, “Залуу зохион бүтээгч” зэрэг нэвтрүүлгүүдийг сайтын архиваас нөхөн үзэх боломжтой болсон билээ.
Үүгээр ч зогсохгүй МҮОНР-ийн 1, 2-р сувгийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг “Voice of Mongolia” буюу Монголын дуу хоолой радио станцын нэвтрүүлэг, “Найм арваннэг”, “Баримт”, “Тусгал”, “Өглөөний мэнд”, “Гэгээн Өргөл”, “Малчин” зэрэг нэвтрүүлгүүдийг нөхөн сонсож, “Р3” 100.9 радиогийн эфирийг шууд сонсох боломжтой болсон юм.
Бид үүгээрээ уншдаг, сонсдог, үздэг цахим мэдээллийн салбарын дэвшлийг эхлүүлж чадсан.
Түүнчлэн Үндэсний олон нийтийн цахим хуудсанд өнгөрөгч хоёр жилийн хугацаанд дэлхийн 172 улс, 7863 хотоос хандаж, мэдээ мэдээлэл авч, санал сэтгэгдлээ солилцсон байна. Үүгээрээ бид дэлхийн өнцөг булан бүрт хүрч, гадаадын улс оронд амьдарч буй Монголчууддаа улс орондоо болсон мэдээ мэдээллийг, шууд болон шууд бусаар хүргэжээ.
Хоёр жилийн хугацаанд бидэнтэй хамт байж алдаа оноог минь дэнсэлж байсан уншигч, сонсогч, үзэгчдэдээ баярлалаа. Түүнчлэн 81 жилийн ойтойгоо золгож буй МҮОНР-ийн хамт олон, 48 жилийн ойгоо тэмдэглэж буй МҮОНТ-ийн уран бүтээлчдэд баярын мэнд хүргэе.
Бид хоёр нас хүрлээ | ||
Үзсэн: 1324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.