
Намрын жихүүн өдрүүд хаяанд ирж, өглөө оройдоо хүйтэн жавар хацар хайрах болж. Энэ л жаврыг хамгийн хүйтэн хэмээн халаглаж суух олон хүн байхад “жаварт хайруулах чинь жаргал юм шүү” гэж хэлж суух олон ч байх юм. Тэр л хүмүүсийн намрын жаврыг хүргээхээр өнгөрөгч амралтын өдөр хүлгийн жолоо заллаа. Энхэл тонхолтой, эрэг жалгатай элдвийн зам хурд авахуулахгүй, “мөлхүүлнэ”. Хажуугаар өнгөрөх хэзээний л явж сурсан хогийн машинуудтай зөрсөөр зорьсон газраа очлоо. Бидний очсон газар ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих анги. Хаалга үүд нь тэр бүр нээлттэй байдаггүй, хатуу хяналт шалгалттай хорих ангид очсон нь бас учиртай. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх U-Pera хамтлагийн залуус хорих ангид ял эдлэж буй бүсгүйчүүдэд сэтгэлийн дэм өгөх зорилгоор хагас өдрийн зөвшөөрөл хүссэний дагуу бид ийнхүү 407 дугаар ангийг зорьсон хэрэг.
Ганц худаг дахь хорих 461 дүгээр ангийн цаахна, чимээгүй хоттой хаяа дэрлэн байрлах эмэгтэйчүүдийн хорих анги. Үүдээр нь орж, өндөр хамгаалалтын цаана байрлах хорих анги руу орохоос өмнө хамгийн их анхаарал татсан нь үлгэрийн баатруудын зурагтай жижиг цагаан байшин. Хорих ангийн нийгмийн ажилтаны ярьснаар тэнд нярайлах гэж буй болоод нярайлсан эхчүүд хоригддог гэх. Одоогоор тэнд таван бүсгүй хүүхдүүдийн хамт ял эдлэж буй. Улс бүсгүйчүүдийн эрх чөлөөг нь хассан ч бяцхан үрсийнх нь эрхлэх орчныг харин тухтай байхаар тохижуулжээ. Дөнгөж төрсөн нярайд зориулсан тусгай өрөө, бяцхан хүүхдүүдийн тоглоомын өрөө гээд пүн хийсэн дулаахан өрөөнд харгалзагчдын хяналт дор бүсгүйчүүд амьдардаг юм байна.
Хуулиараа бүсгүйчүүд нярайлсныхаа дараа хүүхэдтэйгээ нэг ой хүртэл нь энд хоригдох бөгөөд түүний дараа хүүхдээ ар гэрийнхээ хяналтад шилжүүлж, хэрэв наашаа гэх ах, дүү хамаатан садан байхгүй бол Улсын асрамжинд хүүхдээ өгөхөөс өөр аргагүй байдаг аж. Төрөөд л эрээн хувцастай харгалзагчидтай хамгийн ойр байдаг бяцханууд сүүлдээ харгалзагч эмэгтэйчүүдэд дасч наалдаад салдаггүй тухай ангийн дарга бидэнд хуучилж байв.
Хамтлагийн залуус тэнд байх бүсгүйчүүдийн тухай өмнө нь сонссон учир сэтгэлийн бяцхан бэлгээ гардуулахаар зөвшөөрөл аван орсон юм. Залуус тэдэнд амьдралд нэг удаа алдаж гишгэсэн бол дахин бүү хазгай гишгээрэй хэмээн захиад тоглолт болох газар руугаа явсан.
Бид дараагийнхаа хэд хэдэн хаалгаар дамжсаар залуусын тоглолтыг тэсэн ядан хүлээж суугаа бүсгүйчүүдийн байгаа газар очсон юм. Хоёр давхар хорих байрынхаа коридорт бүсгүйчүүд хоёр эгнээ болон тухалж, хамтлагийн залуусыг алга нижигнүүлэн угтан авав. Удтал урлагийн тоглолт үзээгүй бүсгүйчүүд баярлаж буй нь илт. Басхүү уран бүтээлээ эхлээд тун чиг удаагүй байгаа шинэхэн уран бүтээлчдийг таних гэж хичээх аж. Тэдний зарим нь бүр “Дуурийн театрын залуус юм бол дан дуурь дуулаад уйдаах байх” гээд өрөөнөөсөө гарч ирээгүй талаарх яриа ч чих дэлсэж байсан юм. Гэхдээ залуус тэднийг уйдаасангүй. Харин ч аль хэдийнэ олны хүртээл болж, ам дамжин дуулагддаг дуунуудыг дуулж, бүсгүйчүүдийг хөгжөөж, хамтдаа дуулахыг, хамтдаа бүжиглэхийг уриалж байв. Залуус хорих ангийн удирдлагаас бүсгүйчүүдийг суудлаас нь босгож, бүжиглүүлэх хэдэн минутын эрх авсан байсан учраас харгалзагчид тэднийг бүжиглэхэд хяналт тавин ажиглаж байлаа. Ёстой л нөгөө тодроогүй төрмөл авьяастай бүсгүйчүүд тэнд эрх чөлөөгөө хасуулан суугаа юм байна. Тэднээс ямар бүжиг бүжиглэхийг асуухад “Диско” хэмээн нэг дуугаар дэмжсэн тул дисконы ая танхимд явж эхлэв. Залуусыг дуулж байхад суудал дээрээ тогтож ядаж байсан бүсгүйчүүд сая нэг босч хүссэнээрээ бүжиглэж, биеийнхээ чилээг гаргалаа. Зарим нь бүр урлагийн тайзнаас хардаг элдвийн хөдөлгөөнийг дууриаж, нэгнээ уриалан залуусын ярьдгаар “тулж”, ахмадуудыгаа урин бүжиглэж байв. Хэдийгээр залуус нь ихэвчлэн бүжиглэх авч тэдний хөдөлгөөний эвсэл ямар ч бүжигчинтэй энэ тэнцэж, зарим талаар илүү гарахаар харагдаж байсан юм. Ая дуусгах дургүй байгаа нь илт бүжигчин бүсгүйчүүд яахын аргагүй суудалдаа суух харгалзагчийн шаардлагыг авч тоглолт цааш үргэлжлэв. Хамтлагийн залуус Орос, Англи, Итали гэх мэт олон төрлийн дууг дуулж байхад тэр бүрийг даган дуулах бүсгүйчүүдийг дуучин гэж ч андуурч болохоор байлаа. Тэдэнд мэдэхгүй дуу гэж байхгүй аж. Бараг л хөгжмийн зохиолчийг хэлэх төдийд л алга нижгэнэж, ура хашгирах бүсгүйчүүдэд үзүүлэх тоглолт зөвшөөрөгдсөн хугацаанаасаа нэлээд хэтэрсэн ч ангийн удирдлагууд дуусга гэж шахсангүй.
Ангийн нийгмийн ажилтаны ярьснаар ялтан бүсгүйчүүдэд ингэж сэтгэлийн дэм өгөх, соёлын арга хэмжээг сар бүр зохион байгуулахаар зорьдог аж. Гэвч тэр бүр хамтлаг дуучдыг урихад хэцүү тул тэднийг 1-2 цаг бүжиглүүлэх, хооронд нь урлагаар өрсөлдүүлэх зэргээр бүсгүйчүүдийн сэтгэлийг сэргээдэг гэж байв. Ийнхүү урлаг, соёлын арга хэмжээгээр “цангасан” бүсгүйчүүдийг U-Pera хамтлагийн залуусын тоглолт жинхэнэ утгаараа тайлах шиг болсон. Тоглолт дуусч залуусыг гарахаар хоригдол бүсгүйчүүдийн дундуур алхахад гар барих гэж зүтгэх бүсгүйчүүд бүчиж, “Удахгүй гарна. Гараад тоглолтыг чинь заавал үзнэ. Чи хөөрхөн шүү” хэмээх бүсгүйчүүдийн дуу сонсогдож байв. Зарим нь бүр коридороор гүйн хаалганы дэргэд байх цонхоор “Баярлалаа, баяртай” гэж хашгирч байсан нь дуучин залуусын сэтгэлийг хөдөлгөөд авсан юм. Эрх чөлөөтэй байсан бол тэд дагаж гараад хамтлагийн залуусыг үдэж өгөх байсан л байх.
Гэхдээ тэдэнд тийм эрх байхгүй тул сэтгэл нь хөдөлж, суудал дээрээ өндөлзсөөр харгалзагчийн “суу” гэх үгэнд захирагдан үлдсэн.
Ээжийн тухай дуу явахад толгой гудайлган, нулимс урсгаж, бодлогоширч суух тэднийг харах сэтгэл өвдмөөр... Тиймээс ч залуус тэр бүр тэдний сэтгэлийг өвтгөх дуу дуулахгүй байхыг хичээж эрхэмсэг бүсгүйчүүдийг магтан дуулж байв.
Дуу гэж заримдаа бусадтай харилцах хамгийн амар хэрэгсэл байж ч болох юм гэх бодол бүсгүйчүүдийг харахад бодогдож байлаа. Энэ тийм хэрэг хийчихсэн болов уу гэж таамагламааргүй энгийн л бүсгүйчүүд эрх чөлөөгөө хасуулан сууж байна. Тэдний олонх нь залилангийн хэргээр ял эдлэж буй, хөдөлмөрийн идэвхтэй насны залуу бүсгүйчүүд. Яг л тэдний насан дээр бүсгүйчүүд дэлхийн мисс болж, үр хүүхэд гаргаж, бизнест амжилт гаргаж яваа. Харин болчимгүй хийсэн алдааныхаа төлөө нэг насныхаа амьдралыг цоожтой торны цаана өнгөрөөх бүсгүйчүүдийн өмнөөс халаглал төрөх шиг. Залилангийн хэргээр ял эдлэж буй залуухан бүсгүйчүүдийн олонх нь 10 жилийн ялтай гэж бодохоор харамсаад ч барамгүй...
Хуульд зааснаар иргэн 20 сая төгрөгөөс дээш мөнгө залилсан нь шүүхээр батлагдсан л бол 10.5 жилийн ял авна. Энэ нь 100, 200 сая байсан ч ижил...
Басхүү хорих ангид хөгжлийн бэрхшээлтэй цөөнгүй иргэн ял эдлэж байгаа аж. Оюун ухааны хомсдолгүй, ял эдлэх чадвартай учир тэдгээр бүсгүйчүүд ямар ч ялын хөнгөлөлтөд хамрагдалгүй шүүхээс ялаа авчээ. Тэдний нэг нь гэх нуруу нугасны гэмтэлтэй болов уу гэмээр бүсгүй хамтлагийн залуусын тоглолтыг яг дэргэд нь байх камер дотроосоо үзэж суусан. Зарим дууг нь даган дуулж, бүжиглэж байгаа бусдыгаа ажиглан суух бүсгүй ажиглаж байгааг маань мэдсэн бололтой нүүр буруулан цааш харна. Өвчтэй болоод ч тэр үү, эсвэл зургийг нь авчих вий гэж төвөгшөөсөндөө ч юм уу бүсгүй гарч ирэхээс татгалзсан юм. Ер нь түүнтэй ижил шалтгаанаар камераасаа гарч ирээгүй бүсгүйчүүд олон байсан. Зарим нь бүр хаширсан ч байж болох юм. Учир нь биднийг очихоос өмнө хамгийн сүүлд нэгэн УИХ-ын гишүүнийг дагаж очсон сэтгүүлчид тэдний зургийг дарж, олонд нээлттэй мэдээлснээр хорих ангийн дүрэм журам нэлээд хатуу болсон гэх. Тиймээс ч тус ангийн удирдлагууд бидний зургийн аппарат, гар утас зэргийг хурааж авч, өөрсдийн хяналтаар орсон гэрэл зургийг л бидэнд өгсөн юм. Бид ч тэдний шаардлагыг зөвшөөрсөн.
U-Pera хамтлагийн залуус тоглолтоо дуусган, бүхий л боломж бололцоогоор хангаж өгсөн ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн 407 дугаар ангийн даргын өрөөгөөр орсон юм. Хүмүүжигчдийн ур ухаанаар бүтсэн уран зураг, хатгамал, сийлбэр зэргээр ажлынхаа өрөөг чимсэн даргын өрөөнд ороход тэрбээр биднийг “Тоглолт амжилттай юу” гэсээр угтсан. Яагаад тоглолт үзээгүйг нь лавлахад “Даргаа дахиад нэг цаг үргэлжлүүлчих, бүжиглүүлчих “ гээд шалаад салдаггүй тухай тэрбээр ярьж байв.
Түүнчлэн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн сургаар олон хүмүүжигчийн даралт ихсэж, нэг өдөр нэлээд түргэн авахуулсан талаар өгүүлж байсан. Учир нь энэ сарын эхээр хэрэгжиж эхэлсэн Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавиагүй бол тус хорих ангийн 150 гаруй хүмүүжигч хамрагдаж, өршөөгдөх байж. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьж, хоригийг батласантай холбогдуулан өршөөлд хамрагдах байсан хоригдлуудын тал гаруй хувь нь хасагдсан аж. Хориг батлагдсан өдөр мөн л хорих ангийн эмч нар амарч чадаагүй гэнэ. Учир нь суллагдана гэж найдсан байсан хоригдлууд өршөөлд хамрагдахаа больсоноо дуулж, хямарч эмнэлгийн бүхий л тайвшруулах эмийг дуусгасан талаар хурандаа бидэнд ярьж байв.
Одооноос л тэдний сэтгэл хөөрөл дарагдаж, тайвширч байгаа бөгөөд суллагдах, өршөөгдөх гэх мэт зүйлс эрх чөлөөгөө хасуулан суугаа эдгээр хүмүүсийн хувьд хамгийн их хувирлыг авчирдаг зүйл байдаг гэнэ.
Түүнчлэн хурандаагаас тоглолтын туршид анхаарал татаж байсан буурал толгойтой хөгшчүүлийн талаар асуухгүй байж чадсангүй. Энэ талаар тэрбээр “Манайд настай хүмүүжигч хэд хэд бий. 73, 65 настай хөгшчүүл байна. Энэ хүмүүс дандаа хүнд хэрэгтэй ялтнууд байдаг. Ихэвчлэн хүн амины хэрэгтэй” хэмээн ярьж байв.
Нэлээд олон баримтыг уншиж үзвэл хүн амины хэрэгтэй бүсгүйчүүдийн олонх нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан, архичин нөхөртөө үргэлж зодуулж байгаад нэг л өдөр тэсгэл алдаж, нөхрөө хутга бариад дайрахад өөрөө өрсөж хөдөлснөөрөө буруутан болж, “аав”-ын хаалга татдаг байх юм. Эмэгтэйчүүдийн хориход байх хүнд ялтай бүсгүйчүүдийн олонх нь мөн л энэ шалтгаанаар ял эдлэж байгаа гэх.
Түүнчлэн хийсэн алдаагаа залруулж ял эдлэн суугаа бүсгүйчүүд зүгээр нэг хоригдоод суулгүй оёдол эсгүүр хийдэг аж. Бүр Төмөр замын ажилчдын хувцсыг урлах тендерийг авчихаад их ажлын ард гарахаар ажиллаж байгаа тухай ангийн дарга бидэнд ярьж байсан.
Ийнхүү өргөст торны цаана суллагдах хоногоо хуруу даран хүлээж суугаа бүсгүйчүүдэд урам өгсөн тоглолт өндөрлөж, хорих ангиас явахад бидний тоглолтыг үзэж сонирхсон бүсгүйчүүд ажил үүргийнхээ газрууд руу жагсан орж яваа харагдсан.
Сүүний үнэртэй хорвоод эрхэлж өссөн мөртлөө
Сүүдэр унагаж дэндүү даварсандаа гэмших юм
Энэрэл хайр дутсан гэж үү
Үгүй дээ эрх нь дэндэж томоогүйтэж суусан аа ухаарч сууна
Эргэх хорвоод эрх чөлөөгөөр дутмаг яваа ч
Хайрын тэнгэрт хадагтай дуурсгалтай
Хат сууж ухаажиж явна
/Хүмүүжигчдийн зохиосон шүлгийн хэсгээс/
Өргөст торны цаана... Нэг өдөр | ||
Үзсэн: 6324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.