Шууд Chart

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 75 хувьтай байна

2013-09-11 06:55:32

Өчигдөр болж өнгөрсөн “Шинэчилж шийдье-222” ээлжит хэлэлцүүлгээр Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэлийн асуудлаар  дэлгэрүүлэн ярилцлаа.

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл улсын хэмжээнд 75 хувьтай хангагдсан байна. Дулааны бүх тоноглолыг 9 дүгээр сарын 15, цахилгааныхыг 10 дугаар сарын 1 гэхэд өвлийн ачаалалд шилжүүлэхэд бэлэн болгох юм байна. Энэ онд багтаан 5 сумыг төвлөрсөн цахилгаан хангамжийн системд холбосноор 4 сум л дизель станцтай үлдэж байна. Монгол гэдэг айлын эрчим хүчний хэрэглээ энэ өвөл 225 сая квт-аар нэмэгдэж, энэ хэрээр дээрх хэрэгцээг найдвартай хангах хүндхэн үүргийг эрчим хүчний салбарынхан хүлээсэн юм. 2013-2014 оны өвөл эрчим хүчний хэрэглээний 75 хувийг ДЦС-уудаас, 7 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, 1 хувийг дизель станцаас хангаад, үлдсэн 17 хувийг импортоор авахаар бэлтгэж байна. Нүүрсний уурхайнуудын өвлийн нөөцлөлт 60 хувьтай явна гэж мэдээлээд, анхаарах хоёр асуудал байгааг салбарынхан учирлалаа. Говь-Алтай аймгийн төвийн зарим хэрэглэгчийг дизель станцаар хангахаас аргагүй байгаа учир дизелийн түлшний зардлыг шийдвэрлэх, мөн өвлийн горим ажиллагаа эхлэх 11 дүгээр сараас хойш барилга, газар шорооны ажил хийхдээ цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам гэмтээхгүй байлгахад шат шатны удирдлагууд зөв зохион байгуулалт хийж шаардлага тавих хэрэгтэй байна гэв.


Нийслэлийн гэр хорооллын 180 мянган өрхийн 120 мянга нь сайжруулсан зуухтай болсон, 12 дугаар сарын сүүлч гэхэд 45-60 мянган өрхөд нийлүүлэлт хийж дуусгана. Харин ТЭЦ-2 станцыг түшиглэн барьж буй шахмал түлшний үйлдвэр одоо болтол ашиглалтад ороогүйгээс боловсруулсан түлшний хангамж тасрах эрсдэлтэй байна гэж хотын захиргаанаас хэллээ. Үйлдвэрийн ажлыг гацаагаад байгаа зууханд дахин тохируулга хийж, сүүлийн 3 өдөр туршилтын галлагаа хийсэн, амжилттай болбол шахмал түлшний үйлдвэрлэл эхлэхэд бэлэн байгаа гэж үйлдвэр барьж байгаа “Аморе интернэшнл”-ийнхэн тайлбарлав. Өнгөрсөн жил бас ийм тайлбар хэлсээр түлш нийлүүлээгүй, үүнийг давтахгүйн тулд Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, НЗДТГ хамтран тодорхой шийдэл гаргаж, яаралтай хэрэгжүүл гэж Шадар сайд даалгалаа. 

Нийтэлсэн: М.Тодбэх

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 75 хувьтай байна  
Үзсэн: 1924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй