
39 жилийн өмнө Оросын нэгэн тамирчны нэр дэлхийд цуурайтаж байв. Тэр бол дэлхийд 11 удаа рекорд шинэчилж, дэлхийн аваргаас 17 аваргын медаль хүртсэн Европын 13 удаагийн, ОХУ-ын 7 удаагийн аварга шилдэг тамирчин Шаварш Владимирович Карапетян юм.
1976 оны есдүгээр сарын 16-нд Ереванд нэгэн троллейбус зорчигчдын хамтаар ус руу унасан осол болсон бөгөөд шилдэг тамирчин троллейбусаас 20 хүнийг аварч байв.
Троллейбус дотор 91 зорчигч, жолоочын хамт бүгд 92 хүн явж байсан бөгөөд усны гүн 9 метр байжээ. Цаахан талд нь бэлтгэл хийн гүйж явсан тамирчин осол болохыг харан шууд ус руу харайн орсон байдаг. Тэрбээр ус руу орон троллейбусны арын цонхыг өшиглөсөөр хагалан дотор нь байсан хүмүүсийг аврах ажиллагааг цаг алдалгүй эхлүүлсэн бөгөөд хүйтэн усанд 20 минут орчим байхдаа 20 хүнийг аварч эрэг рүү гаргаж чаджээ. Тус ослоос 46 хүн амьд гарсан байдаг.
Хэдийгээр мэргэжлийн тамирчин ч гэсэн тухайн цаг үед түүнд 20 хүнийг л аварах боломж байсан гэдэг. Тэрбээр цонх хагалах гэж байхдаа өөрөө биендээ шарх авч, их хэмжээний цус алдаж, хоёр уушигандаа хатгаа авч, нуурын усны бохирдлоос цусанд нь халдвар орсноор их хугацааг эмнэлэгт өнгөрүүлсэн байна.
Тэрбээр эмч нарын асар их зүтгэлийн ачаар амьд үлдсэн ч спортоо орхихоос өөр аргагүй болсон гэдэг. Нэгэн удаа тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Троллейбус нуурын усанд унасаныг хараад ухаан сөхөөгүй л орсон. Хүмүүсийг троллейбуснаас аварч гаргаж байхдаа нэг удаагийн үйлдлээр хүн биш том дэр чирээд эрэг дээр гаргасан санаанаас гардаггүй юм. Түүний оронд нэг хүн байсан бол гэж маш их харамссан болохоор өөрөө эмнэлэгт байхдаа хэд хэдэн удаа тэр дэрийг зүүдлэснээ мартдаггүй юм. Тэр дэр үхэл амьдрал дундах нэг алдаа минь байсан. Хорин минутад амьдрал үргэлжлэхдээ юуг ч бодуулахгүй зэрвэс оддог ч, үхэл дунд хорин жил шиг урт бас хоёр секунд шиг хурдан одохыг мэдэрсэн ” хэмээн ярьсан байдаг.
Хэдийгээр тэр дахин их спортод эргэж ирээгүй ч харамсаагүй ажээ. Тэрбээр их спортоо орхисон ч өөрийнхөө залгамж халаа болсон тамирчдыг бэлтгэсээр яваа юм.
Нуурын уснаас хүн биш дэр чирж гарсан минь миний амьдралын нэг алдаа байсан | ||
Үзсэн: 3991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.