Өнөөдөр "Blue sky" зочид буудалд ирэх оны долоодугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалт”-ын зочдыг хүлээн авах болзлыг хангасан зочид буудлуудад итгэмжлэх гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад 4000 орчим төлөөлөгч оролцох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэдгээр төлөөлөгч манай улсын 42 зочид буудлаас сонгон байрлах юм. Өнөөдрөөс эхлэн итгэмжлэх гардсан буудлуудыг АСЕМ-ын зочдыг хүлээн авах түнш буудал хэмээн албан ёсоор зарлаж, төлөөлөгчдийг бүртгэх ажлаа эхлүүлж байгаа ажээ.
Итгэмжлэх гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан “Би томоохон хэмжээний арга хэмжээнд хамтран ажиллаж буй 42 зочид буудлын нэрийг онцгойлон дуудаж өгмөөр байна. Бид эдгээр зочид буудлыг сонгохдоо байшингийнх нь сайхныг бус үйлчилгээг нь шинжиж, шалгасан. Тэгэхээр зочдыг ирэх хүртэл эдгээр зочид буудал үйл ажиллагаагаа улам сайжруулах байх. Ирэх сараас зочид буудлууд руу чиглэсэн сургалтууд зохиогдох болно. Мөн зочид буудлуудын үйл ажиллагааг дээшлүүлэх зорилготой болзолт уралдааныг энэ сарын 20-ноос ирэх оны долоодугаар сарын 25-ныг хүртэл зарлаж байгаа. Тэрхүү уралдаанд амжилттай оролцсон буудлуудад “АСЕМ-ын түнш, тэргүүний зочид буудал” гэх алдрыг өгч, ирэх онуудад Монгол Улсад зохион байгуулагдах хурал зөвлөгөөнд хамтран ажиллах болно” хэмээн ярьсан юм.
11 дэх удаагийн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авах эрх авсан буудлуудыг нэрлэвэл:
“Сүнжин Гранд” зочид буудлын Маркетинг хариуцсан захирал Р.Соронзонболд: “Бид АСЕМ-ын ажлын хэсэгтэй анхнаасаа л хамтарч ажиллаж ирсэн. Улсынхаа нэрийг олон улсын өмнө хамгаалах хариуцлагатай үүрэг хүлээсэндээ баяртай байна. Энэхүү уулзалтын хүрээнд бид маш их ач холбогдол өгч байгаа. Ач холбогдол өгч байгаагийн хэрээр Засгийн газраас ч бидэнд дэмжлэг үзүүлж байгаа учраас бид их хичээж байна. Тодруулбал, хэдийгээр бид 4-5 одтой том буудалд тооцогддог ч олон улсын төлөөлөгчид ирэхэд тэр бүр хангалттай бэлтгэлтэй байдаггүй. Тиймээс олон улсын чанарт нийцүүлэхэд дэмжлэг өгч байгаа. Манай буудлын хувьд дор хаяж 110 хүн авах хүчин чадалтай" гэлээ.
“Ривер Бийч” зочид буудлын менежер Б.Одончимэг: “АСЕМ-ын төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудыг шалгаруулахдаа Засгийн газраас тодорхой шаардлагуудыг тавьсан. Манай зочид буудлын хувьд ажилчдын ур чадвар нэлээд нөлөөлсөн байх. Ер нь манай буудлаас ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэх тал дээр сургалтуудыг зохион байгуулсаар байгаа. Ривер Бийч зочид буудал байгуулагдаад 5 жил болж байна” гэж ярилаа.
“Blue Sky” зочид буудлын Ерөнхий менежер Патрик Парк: “Монгол Улсад маш их боломж, бололцоог нээж өгөх АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад бид их ач холбогдол өгч байна. Тиймээс бид үйлчилгээ болоод хоол хүнсний асуудал дээр голчлон анхаарал тавьж ажиллаж байна. Манай буудлын хувьд 200 өрөөтэй. Мэдээж бүх өрөөгөө зочид хүлээн авахад зориулж чадахгүй. Буудалд байнга зочилдог 40-өөд үйлчлүүлэгч байдаг. Тэгэхээр тэрхүү өрөөнүүдийг үлдээгээд 160 орчим өрөөгөө АСЕМ-ын уулзалтад ирэх зочдод зарцуулах төлөвлөгөөтэй байна” гэв.
“Platinum” зочид буудлын Ерөнхий менежер М.Тулга: “Манай зочид буудал 2012 онд байгуулагдсан. Үйл ажиллагаагаа эхлээд гурав орчим жил болж буй шинэ байгууллага. Энэ маань бусад зочид буудлаас ялгарч байгаа гэхэд болно. Мөн олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ, орчин үеийн шийдэл бүхий тавилга, өрөөнүүдтэй. Хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг гэх бас нэгэн давуу талтай бөгөөд байгуулагдаж буй "Шангри-Ла", "Blue sky" зэрэг зочид буудалтай ойролцоо байдаг маань манай буудлын давуу талуудын нэг болж өгсөн. АСЕМ-ын уулзалттай холбогдуулан хүний нөөцийн мэдлэгийг дээшлүүлэх, буудлын өрөөнүүдэд шинэ тохижилт хийх зэрэг төлөвлөгөөг он гарахаар хэрэгжүүлээд эхэлнэ. Ер нь Засгийн газраас итгэмжлэх авсан байгууллагуудад тодорхой шаардлагуудыг тавьсан. Аюулгүй байдал болоод бусад үйлчилгээн дээр тэрхүү шаардлагын дагуу ажиллах болно” гэлээ.
АСЕМ-ын зочдыг хүлээн авах 42 зочид буудалд итгэмжлэх гардуулав | ||
Үзсэн: 3567 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.