Монголын Үндэсний олон нийтийн радио олон төрлийн зайн сургалтын нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдгийн нэг нь “Радио цэцэрлэг” хичээл юм. Хүүхдийн редакцийн хамт олны хөдөлмөр бүтээлийн үр шимээр тасралтгүй долоон жил хот, хөдөөгийн хүүхдүүдэд мэдлэг түгээсэн тус хичээлийн үйл явцтай танилцахаар МҮОНР-г зорилоо.
Редакцийн өрөөнд ойртох тусам балчир хүүхдүүдийн цовоо сэргэлэн дуу сонсогдоно. Тэд бол өнөөдөр “Радио цэцэрлэг” хичээлд оролцохоор ирсэн Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд. Өнөөдөр тэдэнд “Намар” гэх сэдвээр хичээл орсон бөгөөд хүүхдүүд бүгд намрын талаарх өөрсдийн мэдэх зүйлсээ ярьж, багш тэдэнд намрын талаарх сонирхолтой хичээлийг заан, өөрсдөөр нь яг л намрыг санагдуулам бүтээлүүдийг урлуулж байсан юм.
“Радио цэцэрлэг” хичээлийн гол зорилго хот, хөдөөгийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд боловсрол олгох. Тийм ч учраас тэд цэцэрлэгт сураагүй, сурах боломжгүй олон хүүхдэд зайнаас сургалт өгсөөр өдгөө 7 дахь жилтэйгээ золгож байгаа юм.
Радиогийн хамт олон энэхүү хичээлээ “Улсын ур чадварын аварга шалгаруулах” уралдаанд түрүүлсэн багш нарыг урьж заалгадаг бөгөөд өнөөдрийн “удирдагч” багш Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн заах арга зүйч багш Д.Нарантуяа байсан юм. Түүнээс сургалтын талаар тодруулахад “Өнөөдрийн сургалт Монгол орон даяар хэрэгжиж байгаа “Цөм” хөтөлбөрийн хүрээнд явагдаж байна. Энэхүү хөтөлбөр манай цэцэрлэг дээр өнгөрөгч гуравдугаар сараас зургаадугаар сарын 1-нийг хүртэл туршилтаар хэрэгжиж байгаад өнгөрөгч есдүгээр сараас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хамгийн гол зорилт хүүхэд нэг бүрийн онцлогийг нээж, хүүхэд бүрийг хөгжүүлэхэд оршиж байгаа. Нэг үгээр хэлбэл, энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийн онцлогийг нээнэ гэсэн үг. Өнөөдрийн сургалтын эхний хичээл “Зохион бүтээх” байлаа. Тодруулбал, хүүхдүүд өөрийн гараараа мөөг хийлээ гэхэд түүнийг дагаад “мөөг хаана ургадаг, хэдэн төрөл байдаг, ямар орчин, ямар улиралд ургадаг, ач тус нь юу юм” гэх зэрэг танин мэдэхүйн мэдлэгийг хүүхдүүдэд олгосон. Хоёр дахь хичээл хэл ярианы хичээл байсан. Тэрхүү хичээлийн хүрээнд намрын улирлыг сэдэв болгож, түүнийг өнгөөр дүрсэлж, хүүхдүүд хэрэглээ талаараа хөгжиж байгаа юм. Миний хувьд өнөөдөр радиогийн сонсогч хүүхдүүдэд зориулж анх удаа хичээл заалаа. Энэхүү хичээл хот, хөдөөд суугаа олон хүүхдэд мэдлэг өгсөн байх гэж найдаж байна” гэлээ.
Манай улсын хувьд есдүгээр сарын 1 дөхөхөд бяцхан хүүхдүүдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүдийн дараалал цэцэрлэгүүдийн үүдэнд үүсдэг. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэл сугалаагаар хийгдэж, олон хүүхэд цэцэрлэгт орж чадаагүй билээ. Тэгвэл цэцэрлэгт орж чадаагүй, удахгүй орох гэж байгаа хүүхдүүдэд зориулсан “Радио цэцэрлэг” хичээл МҮОНР-иогоор мягмар гараг бүрийн 10.05 минутад явж байгаа гэх таатай мэдээг дуулгаж байна.
“Радио цэцэрлэг” хичээл мягмар гараг бүр сонсогчдод хүрч байна | ||
Үзсэн: 1787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.