Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг Хууль зүйн байнгын хорооны даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн Ш.Түвдэндорж гишүүнд хариуцлага тооцсон талаарх мэдээллийг хүргэж байсан. Учир нь бүлгийн ээлжит хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэх үед Д.Ганбат гишүүн олонхийн санал авсан. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ш.Түвдэндорж гишүүн өөрийнхөө нэрийг дэвшүүлэн, Д.Ганбат гишүүнтэй өрсөлдөн, олонхийн саналыг авсан юм. Үүний дараа Ш.Түвдэндорж гишүүн байнгын хорооны даргаас нэрээ татаж буйгаа УИХ-ын даргад албан ёсоор мэдэгдсэн байна.
Ийнхүү Ш.Түвдэндорж гишүүн нэрээ татсан тул өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж байнгын хорооны даргыг томилох асуудлыг дахин хэлэлцсэн юм. Уг хуралдааны үеэр АН-ын бүлгээс Д.Ганбат гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр “Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нэрээ татсан учир Д.Ганбат гишүүнийг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн УИХ дахь АН-ын бүлгийн түрүүчийн шийдвэр хүчин төгөлдөр болохыг мэдэгдэж байна” хэмээсэн юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшигч Д.Ганбатыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
АН-ын бүлэг Ш.Түвдэндоржийн оронд Д.Ганбатыг сонгожээ | ||
Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.