Хэдэн жил дамнан яригдаж байгаа дуусдаггүй барилгуудын нэг бол Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга. Уг барилгыг анх Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар барих шийдвэр 2011 онд гарч, барилга угсралтын ажил эхэлсэн байна. 2013, 2014 онд санхүүжилт зогссон учир барилгын ажил явагдаагүй бөгөөд 2015 онд санхүүжилт хийгдэж, барилгын ажил үргэлжлэн явагдаж байгаа аж. Тус өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалттай нийт 4 давхар 5200 м2 талбай бүхий барилга юм байна.
Тус барилгыг ашиглалтад оруулснаар нийт хавдраар өвчлөгсдийн 40 орчим хувийг эзэлдэг элэгний хавдрын мэс заслын төв, одоо хамрагдвал зохих өвчтний тал орчмыг л хамруулдаг туяа эмчилгээний тасгийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хэлж байгаа. Мөн хэвтэн эмчлүүлэх 80 ор нэмэгдэж, үүний үр дүнд тус төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 30-40 хувиар нэмэгдэх юм байна. Нийт 4 блокоос бүрдэх барилгын хоёр блокын дотор заслын ажил явагдаж байгаа бол туяа эмчилгээний тоног төхөөрөмж байрлуулах блокын цутгалтын ажил хийгдэж байгаа юм байна.
ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2012 онд УИХ-ын соёрхон баталсан Австрийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдэхээр тусгасан. Тоног төхөөрөмжүүд гааль дээр ирсэн бөгөөд өргөтгөлийн барилгын ажлын санхүүжилтээс үүдсэн удааширлаас болж хүндрэл үүсээд байгааг тус төвийн захирал Л.Төмөрбаатар хэллээ.
Уг өргөтгөлийн барилгын нийт төсөв 5.597.4 сая төгрөг бөгөөд үүнээс 2.955.4 сая төгрөгийн санхүүжилт бүхий ажил гүйцэтгээд байгаа юм байна. 2015 онд 1.088.0 сая болон 2016 онд төсөвлөгдөх 1.554.0 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгах асуудалд анхаарлаа хандуулан ажиллахыг ХСҮТ-ийн удирдлагууд өнөөдөр тус эмнэлэгт ажилласан УИХ-ын зарим гишүүдээс хүссэн юм. Харин ХСҮТ-д ажилласан УИХ-ынгишүүн Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, А.Тлейхан нар уг асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох яамдын мэргэжилтнүүд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, ХСҮТ-ийн удирдлагуудын уулзалт зохион байгуулж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар хэлэлцэх боломжтой гэлээ.
ХСҮТ-ийн өргөтгөлийг дуусгахад хоёр тэрбум төгрөг шаардлагатай | ||
Үзсэн: 1862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.