Шууд Chart

Алдарт бөх М.Хадарцев 10 хүүхэдтэй болжээ

2015-10-14 10:36:30

Оросын алдарт бөх, олимпийн хошой, дэлхийн 5 удаагийн аварга Махарбек Хадарцевийн гэргий нярайлж гурван ихэр хүүхэд төрүүлж тэднийх 6 хүү, 4 охин нийт 10 хүүхэдтэй болжээ. Шинээр мэндэлсэн гурван хөвгүүндээ Астан, Астемир, Арсамат гэсэн осет нэр өгчээ. 15 настай ууган хүү нь дунд сургуулийн 9 дүгээр ангид сурдаг, кикбоксоор хичээллэдэг байна.

Зөвлөлт, Орос, Узбекийн нэрт бөх Махарбек Хазбиевич Хадарцев 1964 оны аравдугаар сарын 2-ны өдөр Умард-Осетийн Бүгд найрамдах улсын Алагирск районы Суадаг тосгонд төржээ. Олимпийн хошой, дэлхийн болон европийн 5 удаагийн, Дэлхийн цомын төлөө тэмцээний 6 удаагийн (1986-1991) аварга ажээ.

Сайн санааны тоглолтод 1986 онд оролцож алтан медаль хүртэж байв. ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа түрүүлж ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний аварга болж байжээ. 1986 онд ЗХУ-ын Гавьяат тамирчин, 1990 онд Умард-Осетийн Бүгд найрамдах улсын Биеийн тамир, спортын Гавьяат ажилтан цол хүртжээ.

1986-1995 онд ДАШТ-нд 8 удаа оролцохдоо тухай бүр медаль хүртэж хүрэл, 5 алт, хошой мөнгөн медаль авч байжээ. 1986 онд Унгар улсын Будапешт хотод болсон ДАШТ-нд түрүүлэхдээ ганц ч удаа ялагдаагүй төдийгүй өрсөлдөгчиддөө ганц ч оноо алдаагүй байна. 1994-1995 онуудын ДАШТ болон 1996 оны Зуны олимпийн наадмын шувтаргын барилдаанд Ираны бөх Расул Хадем Азгадид  гурав дараалан хожигдож мөнгөн медаль дээр бууж байжээ.

Зуны олимпийн наадамд дөрвөн удаа зодоглохдоо 1988 онд ЗХУ-ын, 1992 онд Тусгаар тогтносон орнуудын, 1996 онд ОХУ-ын, 2000 онд Узбек улсын нэрийн өмнөөс оролцож байжээ. 1981 онд Ташкент хотын Их сургуулийн хуулийн ангид элсэн орж төгсөөд дараа нь Умард-Осетийн бүгд найрамдах улсын Их сургуулийн эдийн засгийн ангийг дүүргэж 1998 онд Москвагийн Улсын их сургуульд дэд докторын зэрэг хамгаалжээ.  

1993 оноос “Дарьял” шар айрагны үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Владикавказ хотын ойролцоо Верхний Фиагдон тосгонд том эдлэн газартай ажээ. Эхнэр, 10 хүүхдийн хамт Владикавказ хотод оршин суудаг.

1995-1999 онд Умард-Осетийн бүгд найрамдах улсын Парламентийн гишүүний алба хашиж 2011 оноос ОХУ-ын Төрийн Думын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. 2014 оны есдүгээр сард Владикавказ хотын захирагчаар сонгогджээ. Оросын бөхийн төрлүүдийн холбооны Товчооны гишүүнээр ажилладаг.

Ууган ах Аслан Хадарцев нь ЗХУ-ын шигшээ багийн гишүүн, дэлхийн 3 удаагийн аварга, ЗХУ-ын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч байсан юм.

Махарбек Хадарцевийн амжилтаас...


Зуны олимпийн наадам

  • 1988 он. БНСУ, Сөүл хот                            90 кг, алт
  • 1992 он. Испани, Барселон хот                  90 кг, алт
  • 1996 он. АНУ, Атланта хот                         90 кг, мөнгө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

  • 1986 он. Унгар, Будапешт хот                    90 кг, алт
  • 1987 он. Франц, Клермон-Феррари хот    90 кг, алт
  • 1989 он. Швейцар, Мартиньи хот              90 кг, алт
  • 1990 он. Япон, Токио хот                            90 кг, алт
  • 1991 он. Болгар, Варна хот                         90 кг, алт
  • 1993 он. Канад, Торонто хот                       90 кг, хүрэл
  • 1994 он. Турк, Стамбул хот                         90 кг, мөнгө
  • 1995 он. АНУ, Атланта хот                          90 кг, мөнгө

МЧБХ

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Алдарт бөх М.Хадарцев 10 хүүхэдтэй болжээ  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй