Яг одоо УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар А.Бакей нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.
Байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан нэг сэдэв нь чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд мэтгэлцэх зарчмын талаар байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тодруулсан юм. Тэрбээр чуулганы танхимд Засгийн газрын гишүүд тусдаа индэр дээр суугаад тайлбар өгнө гэхээр үндсэндээ Парламентийн бүгд найрамдах улсуудынх шиг мэтгэлцээний зарчим руу шилжиж байна гэж харагдаж байна. Гэтэл энэ мэтгэлцээний зарчим нь Дэгийн тухай хуульд алга байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл, тусдаа индэр дээр суусан сайд нараас УИХ-ын гишүүн бүр асуулт асуух уу, эсвэл бүлэг, эвсэл, намуудыг төлөөлж ганц нэг хүн асуулт асуух уу зэрэг зарим зүйл заалтуудыг тодорхой оруулж өгөх хэрэгтэй гэсэн санал хэлсэн юм.
Харин байнгын хорооны дарга А.Бакей дээрх хуульд өөрчлөлт оруулахын өмнө УИХ дахь нам, эвслийн бүлгүүдтэй уулзаж энэ талаар ярилцсан гэдгээ хэлсэн. Тиймээс нэгдсэн хуралдааны үеэр тухайн нам, эвслээс тодорхой тооны хүн л үг хэлж, мэтгэлцэж байх саналыг тавьсан боловч зарим гишүүн дэмжээгүй учраас өргөн барьсан хуулийн төсөлдөө тусгаагүй гэлээ. Гэхдээ анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс энэ саналыг дэмжвэл зарчмын зөрүүтэй санал хурааж болно гэсэн юм. Нэмж мэдээлэхэд, өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын дарга чуулганы хуралдааны үеэр сайд нарыг гишүүдээс тусдаа блок суудалд суулгаж байх санал гаргасан талаар мэдэгдэхэд гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Сайд нар УИХ-ын гишүүдтэй мэтгэлцдэг болох уу | ||
Үзсэн: 756 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.