Шууд Chart

"Лучиа ди Ламмермур" дуурийг анх удаа Монголын тайзнаа тоглоно

2015-10-14 16:47:37

Италийн нэрт хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурийг энэ сарын 17, 18-нд анх удаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглохоор болжээ. Дуурийн найруулагчаар БНСУ-ын найруулагч Ан Ху Вон, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, зураачаар СТА Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун, хормейстерээр СТА Н.Дашбямба, Д.Отгонбаатар, бүжиг дэглээчээр Ц.Чинзориг, концертмейстерээр Б.Алунгоо, Э.Намуун нар ажилласан байна.

Гол дүрүүдэд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, МУГЖ Э.Амартүвшин, СТА Ч.Энхтайван, СТА Р.Доржхорол, гоцлол дуучин Э.Гомбо-Очир, Б.Батжаргал, Ж.Бямбажав, Г.Шижирболд, Б.Батжаргал, Д.Эрдэнэ-Очир, М.Даваадорж, дуучин Г.Саранчимэг, Д.Бат-Эрдэнэ, Г.Энхболд нар дуулахаар бэлтгэлээ хангаад байгаа ажээ.

Мөн нээлтийн хоёр дахь өдөр уг дуурийн гол дүр болох Лучиагийн дүрд тоглох Итали улсын дуурийн дуучин У.Уранцэцэг УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамт бэлтгэлдээ ороод байна.

Уг дуурийг 2016 оны хамгийн эхний бүтээл болгож нэгдүгээр сарын 7-нд дахин тоглох бөгөөд залуу дуучин Б.Батжаргал, Э.Отгонбат нар гол дүрүүдэд хүчээ сорих юм.

"Лучиа ди Ламмермур" нь сопрано хоолойтнуудын хүч, авьяасыг сорьдог хүнд аригаараа дэлхийд алдартай бүтээл юм. Энэхүү эмгэнэлт дуурь нь Шотландын зүүн өмнөд хэсэгт болж буй эрх мэдэл, хөрөнгө мөнгөний золиос болсон халуун амь, хайр сэтгэл, хар буруу санааны эргэн тойрны үйл явдлыг өгүүлнэ.

БНСУ-ын найруулагч Ан Ху Вон Монгол Улсад хоёр дахь дууриа найруулж буй бөгөөд өмнө нь өнгөрөгч тавдугаар сард “Травиата” дуурийг шинэчлэн найруулсан нь үзэгчдээс өндөр үнэлэлт авсан билээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Лучиа ди Ламмермур" дуурийг анх удаа Монголын тайзнаа тоглоно  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй