Хүссэн цагтаа салаавчаар гангардаг эрхмүүдтэй хариуцлага тооцъё
ЦЕГ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийн утга нь өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр ам.долларын ханшийг барьж чадахгүй байгаа эрх баригчдад эгдүүцсэн цахим ертөнцийн архаг жиргээчдийн салаавчтай жагсаалын талаархи мэдээлэлд хариу өгчээ. Учир нь төрийн ордон руу салаавч гаргасан эмч Б.Болдсайхан, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг нарыг баривчилсан гэх андуу ташаа мэдээлэл цацагдсан учраас мэдэгдэл хийх болж. Тэднийг хүчний байгууллагаас баривчилж хориогүй бөгөөд харин ямар нэгэн жагсаал цуглаан хийхэд холбогдох газраас зохих дүрэм журмын дагуу зөвшөөрөл авах ёстойг сануулж хандсан аж.
Харин энэ үйл явдал өнгөрсөн жилээс төрийн түшээд, нэр төртэй эрхмүүдийн дунд “мода” болон дэлгэрээд буй салаавчны жагсаалтыг нэгээр нэмлээ. Таван жиргээч “УИХ, Засгийн газрын гишүүд ажлаа хий” хэмээн хашгирч төрийн ордны баруун, зүүн жигүүрт очиж салаавч гарган “ёслол эсвэл зан үйл” маягийн үйлдэл хийсэн юм. Эндээс улбаалан тэмдэглэхэд салаавчны аянг анх эхлүүлсэн хүн бол УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд зориулан бүтээсэн тэр салаавчных нь томыг, царай төрх нь энэ үйлдэлдээ зохицон хувирсныг нийгмээрээ л нэг шуугисан. Эрхэм гишүүн үүнийгээ “тоглосон юмаа” гэж тайлбарлаж билээ. Тэр том бөх хүнтэй бас л хатуу тоглосон байгаа биз.
Энэ тоглоомыг дуурайсан уу, эсвэл өөрийнх нь зуршил ч юм уу бүү мэд дараагийн салаавчийг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр гаргасан. Гэхдээ түүний салаавч их том хүрээтэй. Санаачлагч гишүүн салаавчийг зүгээр л тоглоод гаргасан бол Ц.Шинэбаяр гишүүн МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр тусгайгийнхны өөдөөс жижигхэн салаавч харуулж амжсан. Тэр өөрийгөө ийн өмөөрчээ. “Хулгайч дээрэмчин тонуулчин царайтай, хөгийн юмнууд руу салаавч гаргасан болохоос төрийн албан хаагчид руу гаргаагүй шүү. Төр албан хаагчдаа ингэж хамгаалах юм бол хувцас хунарыг нь жигдэлж таних тэмдэг тавихгүй яасан юм” гэсэн байдаг.
Салаавчин буухиа цааш үргэлжилж УИХ-ын гишүүн Г.Баярсайханд халдварласан. Тэрбээр их хурлын танхимд гишүүн асан У.Хүрэлсүхийн өмнөөс салаавч гаргаж улмаар зодолдсон түүхтэй. Харин дараагийн салаавчийг МАХН-ны дарга Н.Энхбаяр II эмнэлэгт эмчлүүлж байхдаа хамгаалагч болон эмч нарын өмнөөс гаргаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Салаавчны буухиа улс төрийн хүрээнээс хальж урлаг соёлын салбарт халдварласныг анх МУГЖ С.Жавхлангийн гэмгүйхэн инээмсэглэсэн салаавч бүхий зургаас харсан. Учрыг ухваас Монгол түмний түүх, өв соёл, ёс заншлыг залуусын дунд түгээн дэлгэрүүлж яваа тэрбээр интернэтээр зодог шуудаг өмссөн зургаа цацсан эмэгтэйчүүдийг буруушааж ийм алхам хийхэд хүрчээ. Салаавч Монголын имиж үү, эсвэл эдгээр хүмүүсийн хувь хүний ёс суртахуун, зан авирын илрэл үү. Тэд уг нь салаавчтай, салаавчгүй л өөрсдийн имижийг бүрдүүлсэн хүмүүс. Тэгэхээр Салаавч Монголын имиж биш харин нийгмээ доромжилж буй хэрэг гэж дүгнэхээс өөр аргагүй.
Салаавч Монголын имиж биш харин доромжлол | ||
Үзсэн: 9951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.