
Өнгөрөгч амралтын өдөр Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд ОХУ-ын гавьяат зураач, Бүгд найрамдах Буриад улсын ардын зураач, Төрийн соёрхолт Юрий Мандагановын “Чулууны аялгуу” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Өмнө нь уран зураг гэгчийг зөвхөн бийр, будгаар бүтдэг хэмээн сэтгэдэг байсан бол тус уран бүтээлчийн хувьд байгалийн үнэт чулууг шигтгэн зургаа амилуулдаг нь өвөрмөц сонин байлаа. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг харахад ихэвчлэн монгол ахуйтай ойрхон бүтээлүүдээр дүүргэсэн байсан юм.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээл бүрийн өнгө төрхийг гаргахын тулд зөвхөн нэг чулууг ашиглалгүй олон төрлийн үнэт чулууг ашигласан талаараа зураач өгүүлж байсан. Тэрбээр бүсгүй хүний төрхийг буулгахдаа нүүрэн дээрх мэнгийг нь хүртэл шигтгэн гаргаж өгснийг харах аргагүй их хөдөлмөрийн хүчинд бүтдэг зүйл юм гэдгийг илтгэх мэт.
Зураач үзэсгэлэнгийнхээ талаар “Энэ уран зургийн төрөл 14-16 зууны үед Италид хөгжиж хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байсан. Гэхдээ тухай үед чулуугаар урласан ийм бүтээл нь том зай талбайд, түүхэн үйл явдлуудыг дүрсэлж харуулахын тулд хийдэг байсан гэдэг. Харин би тэр орон зайг уран зургийн дүрслэлд оруулснаараа онцлог болсон юм. Ер нь байгалийн бүх зүйл амьтай. Тэд нэг нэгнийгээ хэзээ ч давтдаггүй. Би уран бүтээлдээ Флоренцийн шигтгэмэлийн арга техникийг ашигладаг. Байгалийн эгэл жирийн чулуунаас хагас эрдэнийн чулууны өөдөс өнгө бүрийн гантиг, хас, номин, кварц болон бусад Байгаль нуур орчмын эрдэс баялгуудыг боловсруулан ашигладаг юм” хэмээн ярьж байлаа.
Үнэхээр л чулуу хүртэл амьтай гэмээр... Нэг ч өнгийн будаг оруулалгүй байгалийн чулуугаар бүгдийг дүрсэлнэ гэдэг гайхалтай. Зураачийн ярьснаар жижиг хэмжээний нэг зургийг бүтээхэд 10 гаруй өнгийн чулуу ордог аж. Зарим зурганд орсон чулууны нэрийг зураач өөрөө ч сайн мэдэхгүй хэмээж байв.
Улаанбаатар хотын 376 жилийн ой, "Найрсаг Улаанбаатар" төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын урилгаар дэлгэгдэж буй тус үзэсгэлэн өмнө нь 1988, 1997 онд Монголын үзэгчдийн мэлмийд дэлгэгдэж байсан бол ийнхүү 18 жилийн дараа дахин гарч байгаа нь энэ юм.
Эрхэм уншигч та бүхэн чулууны “амилсан” хувилбар болох 27 бүтээлийг Монголын Уран зургийн галерейд очиж сонирхох боломжтой.
Чулууг “амилуулсан нь..." | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.