Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн "Үндэсний зөвлөл"-өөс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайнханбилэг нарт хандан ил захидал хүргүүллээ. Уг ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
2005 онд батлагдсан ОНРТ-ийн тухай хуульд зааснаар МҮОНРТ-ийг удирдах дээд байгууллага нь "Үндэсний зөвлөл" бөгөөд Үндэсний зөвлөлийн гишүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын зүгээс санал болгосноор УИХ-аар томилогдсон гишүүд болохын хувьд бид та бүхэндээ эргэн нэг хандаж байна.
Дөрвөн жил тутамд ганцхан удаа болдог хүн төрөлхтний эв найрамдал, энх тайван, нөхөрлөл, хамтын ажиллагааны билэгдэл болсон Олимпын их наадам 2016 онд тохиох гэж байна. Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо буюу ABU нь 2016 онд Бразилийн Рио Де Жанейро хотноо болох зуны 31 дүгээр олимп, Паралимпийн тоглолтыг дамжуулах эрхийг уг Холбооны Тэргүүлэгч гишүүний хувьд МҮОНРТ-д онцгой нөхцлөөр олгох гэрээг анх удаа байгуулаад байна.
Олимпын их наадмыг Монгол Улсын нутаг дэвсгэрт телевизийн сансрын дамжуулалт, кабел, IPTV, интернет, үүрэн холбоо, радио гээд нийт 15 аргаар хүлээн авч дамжуулах 15 багц эрхийг өөртөө багтаасан энэ онцгой эрхийн төлбөр 1 сая доллар юм. Энэ нь МҮОНРТ-д 2015 онд төрөөс өгсөн дэмжлэгийн тэн хагас орчимтой тэнцэхүйц өндөр өртөгтэй байгаа нь биднийг Та бүхэнд тусгайлан хандахад хүргэлээ.
Олон улсын түвшинд оюуны өмчийн эрхийг хүндэтгэх, нэгдэн орсон бүхий л Гэрээ, конвенцуудын нийтлэг үндэслэлийн хүрээнд гэрээлэгч байгууллага Олимпын их наадмын эрхийн төлбөрийг төлөхгүйгээр Монголын олон нийтэд Олимпын их наадмыг хүргэж чадахгүйд хүрнэ гэдгийг та бүхэн сайтар ойлгож байгаа.
Иймд Монголын нийт ард түмэн, энхийг эрхэмлэгч, спорт сонирхогч олон нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзэж, 2016 оны зуны 31 дүгээр Олимпийн болон Паралимпийн тоглолтыг дамжуулах, сурвалжлах зэрэгтэй холбоотой хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2016 оны улсын төсөвт онцгойлон авч үзэж тусган, МҮОНРТ-д олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье.
МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
МҮОНРТ-ийн "Үндэсний зөвлөл"-өөс төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээлээ | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.