ОХУ-ын нийслэл Москва хотын "Ритц-Карлтон" зочид буудалд өчигдөр нээлтээ хийсэн Олимпийн наадамд оролцогчдын дэлхийн анхдугаар чуулга уулзалтад 120 орны 280 гаруй төлөөлөгч оролцож байна.
Олимпийн наадамд оролцогчдын дэлхийн холбоо /WOA/-оос зохион байгуулж байгаа уг чуулга уулзалтын ажиллагаанд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Т.Бах, Олимпийн наадамд оролцогчдын дэлхийн холбоог ивээлдээ авсан ОУОХ-ны гишүүн Монако улсын хоёрдугаар Альберт ван болон дэлхийн спортын том төлөөлөгчид оролцож байна. Мөн нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин үг хэлжээ.
Чуулга уулзалтаар олимпийн наадамд оролцогчдын үндэсний холбоодыг хөгжүүлэх, олимпийн наадамд оролцогчдыг дэмжих, нийгэмд үйлчлэх гэсэн гурван үндсэн сэдвийг хэлэлцэнэ. Тэрчлэн хүйсийн тэгш бус байдлыг арилгах, тамирчдын зодог тайлсны дараах амьдрал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж мэдээлэл, туршлага солилцож нийтийг хамарсан төслүүдийг танилцуулна.
Олимпийн наадамд оролцогчдын дэлхийн холбооны ерөнхийлөгч Жоэль Бузу чуулга уулзалтын талаар хэлэхдээ “Энэ чуулга уулзалт нь олимпийн хөдөлгөөний чухал хэсэг болох юм. Спорт нь улс төрөөс ангид гэдгийг бид нотлохыг хүсэж байна. Аль орныг төлөөлж байгаагаас үл хамааран тамирчин бүрийн олимпийн наадамд оролцох эрхийг бид хамгаална. Олимпийн наадамд саад бологчдын эсрэг бид тэмцэнэ” гэжээ.
Олимпийн наадамд оролцогчдын дэлхийн холбооноос наадамд оролцогчдын дэлхийн чуулга уулзалтыг хоёр жил тутам хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Олимпийн наадамд оролцогчдын дэлхийн чуулган Москвад болж байна | ||
Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.