Өчигдөр Спортын төв ордонд жүдо бөхийн үнэмлэхүй жингийн УАШТ болж, эрэгтэй 29, эмэгтэй 13 бөх хүч үзлээ. Монгол оронд жүдо бөх хөгжих үндэс суурийг тавьж, мөн эмэгтэйчүүдийн жүдог дэлгэрүүлсэн гавъяатай Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ч.Машбат агсны нэрэмжит болон “SENSEI CUP-2010” нэрийн дор зохиогдсон энэ тэмцээнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, ДАШТ-ий шагналт Б.Тэмүүлэн нараас бусад хүнд жингийн гол төлөөллүүд оролцсон юм.
Оны өмнөхөн “Хонконг-2009” Зүүн Азийн V наадмаас -100 кг болон үнэмлэхүй жинд мөнгө, хүрэл медаль хүртсэн Б.Бат-Орших “Алдар” спорт хорооны тамирчин, 81 кг, 90 кг-д голчлон барилддаг О.Ууганбаатарт эхний тойрогт ялагдсан нь энэ тэмцээний эхний сенсаац байлаа. О.Ууганбаатар дараагийн барилдаанууддаа “Хүч”-ийн П.Батмөнх, “Женко”-гийн Б.Өнөржаргал, “Хангарьд”-ын Б.Ариун-Эрдэнэ гэсэн дээд жингийнхээ сайн бөхчүүдийг ялж, финалд шалгарсан. Нөгөө талаас залуучуудын ДАШТ-ий V байрын шагналт, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Сугаржаргал (Б.Өнөржаргалын төрсөн дүү) гарч ирсэн юм. Арал, жингийн хол зөрүүтэй хоёр бөхийн барилдаанд Б.Сугаржаргал бярдаж мордоод хагас минут хүрэхгүй хугацаанд цэвэр ялсан.
Эмэгтэйчүүдийн тэмцээнд дээд дөрвөн жингийн улсын аваргууд медалийн тавцанд зэрэгцэн зогслоо. “Бээжин-2008” олимпийн наадмын дараагаас 70 кг-д барилдах болсон П.Лхамдэгд (олимпод -78 кг-д VII байр эзэлсэн) гавъяат тамирчин Д.Цэрэнхандтай алтан медалийн төлөө хүч үзэж, юүко үнэлгээгээр хожив. Хүрэл медаль хүртсэн Я.Дулмаа -78 кг-д улсын аварга болж байсан бол Ц.Мөнхзаяа 63 кг-ын №1 бөх нь билээ.
Энэ тэмцээний аваргууд 1 сая төгрөгийн шагнал гардаж, мөнгө, хүрэл медальтнууд 500 мянга, 300 мянган төгрөг авсан. “Sensei Cup”-ыг Монголын жүдо бөхийн холбоотой хамтран “Ховд нутгийн хөгжлийн төлөө” сан зохион явуулсан байна.
УАШТ-ий дүн
Эрэгтэй
1.Б.Сугаржаргал (Женко)
2.О.Ууганбаатар (Алдар)
3.Г.Дашдаваа (Хилчин)
3.Б.Ариун-Эрдэнэ (Хангарьд)
5.Б.Өнөржаргал (Женко)
5.Ц.Очирбат (Хүч)
7.Т.Далайням (Хилчин)
7.Б.Буянбат (Хангарьд)
Эмэгтэй
1.П.Лхамдэгд (Женко)
2.Д.Цэрэнханд (Алдар)
3.Я.Дулмаа (Алдар)
3.Ц.Мөнхзаяа (Хүч)
5.Ц.Наранжаргал (Женко)
5.Н.Нямтуяа (ОБЕГ)
7.Д.Золжаргал (Женко)
7.Б.Мөнхтуяа (Хилчин)
Үнэмлэхүй аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 1815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.