Энэ оны долоодугаар сард УИХ-аас Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” 75 дугаар тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй ажлын хэсгийнхэн Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах үйл явцтай танилцахаар өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллажээ. Энэ үеэр нутгийн зарим иргэн чөлөөт бүс байгуулах ажлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Нутгийн иргэд уг 75 дугаар тогтоолын дагуу Буйр нуураас Халхгол сумын төв хүртэлх 500 мянган га газарт Чөлөөт бүсийн тухай хууль үйлчилж, нутгийн иргэд зөвшөөрөл авч нэвтрэх, гадны иргэд 30 хоног визгүй зорчих, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд гадаад ажилчдыг хүссэн хэмжээгээрээ оруулж, суурьшуулан амьдруулах хууль эрхзүйн орчин нээлттэй болсон нь нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа аж. Түүнчлэн Халх голд Чөлөөт бүсийн онцгой дэглэм мөрдөгдсөнөөр нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдөх, гаалийн татвар тэг хувь учраас Монгол улсын эдийн засагт ашиггүй нөхцөл байдал үүснэ гэх зэрэг олон эрсдэл бий гэж үзэж байгаа юм байна. Үүнээс гадна энэ сав газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгохын тулд 500 мянган га газрыг хашихаар болсон нь малын бэлчээр, малчдын амьдрах газрыг үгүй хийх эрсдэл бий болно гэж үзжээ. Иймээс уугуул нутгаа хамгаалах иргэдийн хөдөлгөөн улам бүр эрчимжиж, төр засаг шийдвэртэй арга хэмжээ авахыг хүсч байгаа юм байна.
Харин Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Халх голын орчимд ХАА-н чөлөөт бүс байгуулах нь олон талын ач холбогдолтой үзэж байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал, зөвхөн нийгэм, эдийн засгийн талаасаа бүс, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, ур чадвар, мэдлэгийн санг бүрдүүлж улмаар өндөр технологи, инновацийн үйл ажиллагааг явуулах компани, үйлдвэрлэгч олон болох зэрэг давуу талтай гэж үзэж байгаа юм. Харин төрийн бодлогын хувьд гадаадын хөрөнгө оруулалт, өндөр технологи, үйлчилгээ нэвтрүүлэх, өндөр мэргэшсэн хүмүүст шинэ ажлын байр бий болгох зэрэг давуу талтай. Мөн үйлдвэрлэлийг хэрэглэгчдэд ойртуулах, импорт, экспортын гаалийн татварыг тогтвортой болгох, дэд бүтцийг хөгжүүлэх, хямд ажиллах хүчин ашиглах гээд олон давуу тал байгааг салбарын сайд нь хэлж байгаа юм.
Нэмж мэдээлэхэд, Дорнод аймгийн Халхгол сум нь Монгол Улсад хамгийн их газар нутагтай сумдын тоонд ордог бөгөөд нийт 2809299 га газартай байна. Үүн дотроо 353.700 га хадлангийн талбай, 49135 га тариалангийн талбайтай аж.
"Халх гол" чөлөөт бүс байгуулах ажлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв | ||
Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.