Шууд Chart

С.Одонтуяа: Хүүхэд хамгааллын тухай хуульд 24 мянган иргэн санал өгсөн

2015-10-26 14:53:23

УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд хэлэлцэгдэж байгаа энэ үед эдгээр хуулийн төсөлд олон нийтийн санал авах зорилгоор “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХЯ-ын сайд С.Эрдэнэ нарын санаачлан хэрэгжүүлжээ. Тодруулбал, аяны хүрээнд иргэдээс хүүхэд хамгааллын дээрх хуулиудад ямар санал оруулах хүсэлтэй байгаа болон тулгарч буй асуудлынх нь талаар санал авсан байна. Аяныг өнгөрөгч зургаадугаар сарын 11-нээс 10 дугаар сарын 25-ны хооронд улс даяар өрнүүлжээ. Уг аяны хүрээнд иргэд олон нийт хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар өөрсдийн санал, зөвлөмжийг төр засагт хүргүүлж байгаа аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт болон ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дэд дарга Т.Түвшин нарын албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг аяны талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын хуулиуд хэлэлцэгдэж байна. Зургаадугаар сарын 11-нд Хүүхдийн эрхийн төлөө ногоон карт аяныг санаачилж эхлүүлсэн. Өнөөдөр энэ аян дуусаад манай хуулинд нийт 24478 санал ирсэн байна. Ийм их санал өмнө нь УИХ дээр ирж байгаагүй. Тэгэхээр иргэд, төрийн байгууллагууд хүүхдийн хамгаалалд ямар их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Хуулиа хэвлүүлээд улс орон даяар тараасан. Ногоон өнгийн цаасан дээр иргэд, байгууллагууд энэ хоёр хуульд саналаа ирүүлсэн байна. Нийт 21 аймаг, есөн дүүргийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс, төрийн бус байгууллагууд хамтарч ажилласан. Нийт саналын 35.3 хувь нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөлд 64.7 хувь нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд саналаа ирүүлсэн байна” гэлээ. Түүнчлэн хүүхдүүд өөрсдөө энэхүү саналд оролцсоноор их онцлог гэдгийг энэ үеэр онцолж байсан юм.  

Нийтэлсэн: О.Энхмаа

С.Одонтуяа: Хүүхэд хамгааллын тухай хуульд 24 мянган иргэн санал өгсөн  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй