"The Corporate Hotel & Convention Centre"-ийн хамт олон Монгол Улсын урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж, олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг ашиглалтад оруулсан. Энэхүү танхимынхаа нээлтэд зориулж, дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж, "Эльмар Гасанов Монголд..." элит тоглолтыг зохион байгуулж байна.
Төгөлдөр хуурч Эльмар Гасанов Оросын нэрд гарч яваа "RusQuartet" хийлийн квартетийн хамт Монголд ирэх юм. Тоглолтоор, сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховены "Sonata 23 op.57", "Appassionata", Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманиновын "Variations on a Theme of Corelli", Германы хөгжмийн зохиолч Брамсын "Piano quintet f moll op.34" дэлхийд ховорхон тоглогдсон сонгомол бүтээлүүдийг хүн төрөлхтний сэтгэл зүрхийг 90 жилийн туршид хөглөсөн гайхамшигт "KAWAI EX concert series" төгөлдөр хуураар тоглож сонгодог үдшийг өнгөрүүлэх гэж байна.
Тоглолтын үеэр нэрт төгөлдөр хуурч болон Монголын урлаг соёлын одод, нийгэм, улс төрийн хүндтэй эрхэмүүдтэй хамт хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох боломжтой юм байна. Эльмар Гасанов нь 1999 онд "Прокофьевын төрсөн нутагт" олон улсын тэмцээний дээд шагнал, 2000 онд Олон улсын Крайнев тэмцээний тэргүүн байр, 2006 оны Лист- Барток тэмцээний тэргүүн байр, 2010 онд Солонгосын Исангюн Төгөлдөр хуурын тэмцээний 3 байр, 2011 онд Хонгконгийн олон улсын тэмцээний гуравдугаар байр, 2012 онд Цюрих хотын Геза Анда тэмцээний Шуманны шагналыг тус тус авсан нэрт төгөлдөр хуурч юм.
Тэрбээр Унгар, Герман, Франц, Голланд, Австри, Англи, Турк, Бразил, АНУ, Словак, Словения, Украйн, Швейцари зэрэг дэлхийн 20 гаруй улсад соло болон концертоо хийгээд байна.
Русквартет нь 2006 онд Шостаковичийн 100 жилийн ойн тэмцээний нэгдүгээр байр, 2008 онд Шостаковичийн нэрэмжит Олон улсын уралдаан, Тромп Олон улсын хөгжмийн уралдаанд тус тус шалгарч байжээ. 2008 онд Олон Улсын Хөгжимчдийн Нийгэмлэг болон Хөгжмийн Ассоциацийн Танхимаас Гайдамовичийн “Ансамбль тоглолтын амжилт” гэсэн шагналаар шагнагджээ.
"The Corporate Hotel & Convention Centre"-ийн концертын танхим нь 72 замтай пульттэй дууны техник, SENNHEISER микрофон, EVO брэндийн гэрэл, HD LED дэлгэц avolite media server, динамик хөдөлгөөнт тайз бүхий бүрэн дижитал удирдлагын системтэй, 1200 хүний суудалтай дэлхийн стандартын тайз бөгөөд дэлхийн ямар ч од Монголд ирсэн шаардлагыг бүрэн хангах тайзтай болсон нь Монголчууд бидний нэг бахархал боллоо.
"Эльмар Гасанов Монголд..." төгөлдөр хуурын элит концерт болно | ||
Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.