Шууд Chart

Т.Мэндсүрэн: 11 настай хүүг хлораминаар угаасан гэдэг худал мэдээлэл

2015-10-30 12:36:00

Баян-Өлгий аймагт 11 настай хүүг “Шүлхийн голомтоос ирсэн” шалтгаанаар хлораминаар угаасан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэнтэй холбогдлоо.

-“Алтай сумаас Буянт суманд сургуульдаа суухаар ирсэн хүүхдийг шүлхийн голомттой газраас ирсэн шалтгаанаар хлораминтой усаар угааж, хүүхэд эмнэлэгт маш муу байна” гэх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар тодруулаач?
-Аравдугаар сарын 20-ны 21.00-22.00 цагийн үед, хөл хорио тогтоогдсон Алтай сумын нутагт байдаг гэртээ очиж, амралтын хоёр өдрөө өнгөрөөчихөөд ирсэн 11 настай хүүхдийн талаарх “худал” мэдээллийг зарим сайт гаргаад байна. Үнэн учрыг ярих юм бол аймгийн ХАА-н газраас манай сумтай хил залгаа Алтай суманд гарсан өвчин нь шүлхий болох нь 10 дугаар сарын 5-нд батлагдлаа. Тиймээс хоёр сумын заагт хөл хорио тогтоож байна гэж мэдэгдсэн. Гэтэл 20-ны орой Алтай сумаас 11 настай хүү сургуульдаа суухаар Буянтад ирсэн байгаа юм. Хяналтын постуудаар дамжаагүй ирсэн гэсэн үг. Тиймээс энэ талаар аймгийн ХАА-н мэргэжилтэнтэй манай мэргэжилтэн яриад авах арга хэмжээнийхээ чиглэлийг авсан гэж байгаа. Тодруулбал, шүлхий гарсан газраас ирсэн хүүхдийн өмсөж ирсэн хувцсыг авч, уутанд битүүмжилж, хүүг халуун усанд оруулж, амьдарч буй гэр болоод ор, хөнжлийн цагаан хэрэгсэлд нь ариутгал хий гэх үүрэг аваад сумын хүн эмнэлгийн эрхлэгч очиж гэрийг нь хлорминаар бус Жавелион гэх бодисоор ариутгаад, хүүгийн нагац эгчид хүүг болоод гэр бүлийн гишүүдийг халуун усанд оруулаарай гэх үүрэг өгсөн байгаа юм. Тэгээд л хүүхэд эрүүл саруул хичээлдээ явж, спорт зааландаа тоглоод л гүйж байсан гэсэн. Бага ангийн хүүхдүүдийн амралт эхэлсэн учраас хүүг гэрт нь хүргэж өгсөн. Өвдсөн зүйл байхгүй.

-Хүүгийн нагац ах мэдээлэл өгсөн байсан. Тэр ахынхаа гэрт амьдардаг юм уу?
-Тэр нагац ах гэх н.Батжаргал гэгчийнд бус нагац эгч н.Наранцэцгийндээ суудаг хүүхэд. Нагац ах гээд байгаа хүн болоод худал мэдээлэл гаргасан хүмүүсийг цагдаад өгч шалгуулж байна. Хөдөө орон нутгийн иргэд бид ийм зүйлд их эмзэг ханддаг. Малаа шүлхийгээс яаж хамгаалах вэ гэж өдөр, шөнөгүй нойр хоолгүй санаа чилээж суухад ийм яриа гарсанд маш  их харамсаж байгаа.

-Тэгэхээр хүү өвдөж, эмнэлэгт муу байгаа гэх мэдээлэл худлаа байх нь ээ?
-Тийм ээ. Тодорхой лавлаагүй. Нэг иргэний утсаар өгсөн мэдээллийн дагуу ингэж гаргасан нь учир дутагдалтай санагдаж байгаа. Биднийг бүр “Сургуульд нь ч явуулалгүй, бүр хлораминаар угаасан” гэж аймгийн Хүүхэд хөгжлийн хэлтэст хүртэл мэдээлсэн байгаа юм. Гэтэл хлорамин гэх бодисыг манай эрүүл мэндийн салбарынхан хэрэглэхээ больсон юм байна. Үүнийг хүртэл мэдэхгүй худал мэдээлэл гаргасан байгаа.

Сумын Засаг дарга дээрх хариултыг өгсөн бол хүүгийн бие үнэхээр зүгээр эсэхэд хариулт авахаар Алтай сумын малчин Ц.Эрдэнэ /Хүүгийн аав/-тэй холбогдлоо. Тэрбээр “Хүү маань одоогоор өвдөж хавдсан зүйл алга. Амралт нь эхлээд гэртээ ирчихсэн байна. Тухайн үед хичээлд нь явуулахгүй байсан талаар ярьж байгаа. Суудаг айлынх нь эгч халуун усанд оруулсан гэсэн. Үнэхээр ариутгалын бодистой усанд оруулсан уу, үгүй юу гэдгийг тодорхой хэлэхгүй байна” гэсэн юм.

Шүлхийн вирус хүйтэнд маш их тэсвэртэй байдаг ч халуунд тэсвэргүй байдаг учраас хүүг халуун усанд оруулах чиглэл өгсөн гэж байгаа. Харин Жавелион гэх бодисын тухайд усанд сайн уусдаг, ууссан уусмал нь тунгалаг, бага зэрэг хлорлог үнэртэй байдаг бөгөөд үүнийг  бактер, вирус, мөөгөнцөр, сүрьеэ, вируст гепатитын нянгийн үйлчилгээг бууруулахад ашигладаг байна. Эмч мэргэжилтнүүдийн ярьж буйгаар их хэмжээгээр хэрэглэвэл арьс салст, нүд, амьсгалын замын эрхтнүүдийг сулавтар цочроох үйлчилгээтэй ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Т.Мэндсүрэн: 11 настай хүүг хлораминаар угаасан гэдэг худал мэдээлэл  
Үзсэн: 1629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-10-31 01:45
buruu ni uy baigaa um be? hloraminaar gar ariutgadag l baisan bizdee,ariutgal here
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-10-31 01:44
buruu ni uy baigaa um be? hloraminaar gar ariutgadag l baisan bizdee,ariutgal heregtei
49.0.185.xxx [49.0.185.xxx] 2015-10-30 14:02
ugaasaa l deerees ni daramtalj ahij tegj helj bolohgyi gedeg biz dee. Surguulid huuhdiin erh ih zurchigddug shuu dee bi uuruu bas iimerhuu baidald orj baisiim

Бидэнтэй нэгдээрэй