Дэлхийн түүхэнд аль ч улс оронд оюутны жагсаал цуглаан ихэвчлэн хүний эрх, ардчилал, шударга ёсны төлөөх тэмцэл байдаг бол Монгол оюутнууд сүүлийн жилүүдэд автобусанд үнэгүй суух, сар бүрийн тэтгэмжээ заавал авах зэргээр жагсаж тэмцдэг болоод байна. Юуны төлөө тэмцэх нь хүний эрх, тэдний дур зоргын асуудал боловч хөдөлмөрийн биржээс авсан мэдээгээр оюутнуудад зориулсан цагийн ажил хийх 800 гаруй түр ажлын байрны зар эздээ хүлээгээд байж байна.
Улсын хэмжээнд яг одоо 156 мянга орчим оюутан байна. Цаад зорилго, далд санааг нь ойлголгүй элдэв PR, улс төрийн акц, утга учиргүй жагсаал цуглаанд нүүрээ нуусан оюутнууд олноороо оролцож байна. Төлбөр мөнгөтэй эдгээр жагсаалд тогтсон үнэ ханш хүртэл бий болжээ.
Итгэл үнэмшлээрээ сайн сайхан амьдралын төлөөх оюутны тэмцлийн Монгол хувилбар ийм болсон. Бэлэнчилсэн, бүхнийг харлуулсан, сурч чадахгүй байгаад даа төр засгийг буруутгаж зүхсэн, “улстөржсөн” оюутнуудын бүлэг бий болж байгааг иргэд шүүмжилж байна.
Мэдээж бүх оюутан ийм биш. Гэхдээ бүгдэд нь сар бүрийн сургалтын тэтгэлэг, автобусанд үнэгүй зорчих билет, түр ажлын байранд зуучлуулах төв үйлчилж байна. Харин оюутнуудын ихэнх нь тэтгэлэг, автобусны билет хоёроо ашиглачихаад гурав дахь сонголт буюу Хөдөлмөрийн биржээрээ дамжуулан хүссэн ажилдаа зуучлуулах боломжоо ашигладаггүйг биржийн захирал Б.Бэлгүтэй хэлж байна.
Залуучуудын хөдөлмөрийн биржэд өдөрт 70-100 оюутан хандаж, ажилд зуучлуулдаг. Гэвч тэдний 40 хувь нь л ажлын байрандаа тогтож үлддэг байна. Шалтгаан нь цалин бага, ажлын байрны орчин муу гэж хариулсан байна. Цагийн ажил хийж тамираа барж байснаас жагсаж цуглаж юуны ч төлөө хамаагүй тэмцэж, эсэргүүцэж байсан нь тэдний хувьд үр ашигтай, ажлын байр бололтой юм.
Жагсаал цуглаанд оролцох нь оюутнуудын “цагийн ажил” уу? | ||
Үзсэн: 1084 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.