Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан гэрээс нь баривчилсан. Түүнийг одоо Зайсан дахь хорих ангид саатуулж байгаа талаар эх сурвалжууд мэдээлээд байна. Энэ асуудалтай холбоотойгоор дөнгөж сая УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ талаар "Тавантолгойн гэрээний тогтоолын төслийг ард түмэндээ ашигтайгаар боловсруулж өргөн барихаар болоод байна. УИХ-ын 40 гаруй гишүүн үүнийг дэмжиж гарын үсэг зурсан. Цагдаагийнхан Б.Батзаяаг баривчилсан гэсэн. Миний хувьд Тавантолгойтой холбоотой асуудал цааш, цаашид хөвөрч гарах байх гэсэн бодолтой байгаа. 2010 оны зургаадугаар сарын 24-нд УИХ-аар төмөр замын бодлого батлагдсанаас хойш энэ асуудалтай холбоотой эсрэг, тэсрэг байр суурь хөвөрч эхэлсэн. Тэгэхээр энэ асуудал цаашид зохион байгуулалттайгаар үргэлжлэх байх. Урагшаа нарийн царигаар баялгийг зөөх бүлэглэлтэй тулсаар байгаад өдийг хүрсэн. Баялгийг хэн, хаашаа зарцуулахтай холбоотой асуудал л байгаа шүү дээ. Б.Батзаяа бол зарчимтай хүн. А.Гансүх бол хуульч хүн. Зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад янз бүрийн зүйл яривал нөгөө хүндээ муугаар нөлөөлчих байх гэж бодож байна. Намайг ч гэсэн шалгах байх. Шалгасаар ч ирсэн " гэлээ.
Харин Тавантолгойтой холбоотой асуудлаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Тавантолгойн хөрөнгө оруулалтын талаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж байна. Энэ хаврын чуулганы үеэр Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх гэж байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ дээр татаж авчирч УИХ-ын ажлын хэсэг гарч Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд санал, дүгнэлт өгөх ажлын хэсгийг би ахалсан. Ажлын хэсэг ажиллах явцдаа УИХ-аас тогтоолын төсөл гаргах шаардлагатай байна гэсэн ийм дүгнэлтийг гаргаж энэ тогтоолын төслийг боловсруулж тогтоолын төсөл дээр нийтдээ УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан. Ингээд өнөөдөр өргөн барих гэж байна. Тогтоолын төслөөр Тавантолгойн орд буюу 100 жилийн нөөцтэй Монгол Улсын гурван сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улс өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж анх нээсэн энэ орд газрыг Засгийн газар өөрөө дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болохгүй. Харин ард түмнээсээ сонгогдсон УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой гэсэн дүгнэлтийг энэ тогтоолын төсөлд оруулсан. 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани эзэмших нь зүйтэй гэсэн нэгдүгээр заалтыг орууллаа. Мөн Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих ашиглах энэ компанийг 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит Монгол Төмөр зам компани эзэмших нь зүйтэй. Мөн 1072 ширхэг хувьцааг саналын эрхтэй байхаар оруулсан. Тавантолгойн ордыг ашиглах гэрээ байгуулахдаа дараах чиглэлийг баримталж ажиллаарай гэсэн чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн” гэлээ.
Б.Батзаяа Х.Баттулгын бие хамгаалагчаар нь олон жил ажилласан бөгөөд Зам тээврийн сайд байх үед Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан юм. Түүнийг Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компаниас хахууль авсан хэрэгт сэжиглэн саатуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа билээ.
Х.Баттулга: Намайг ч гэсэн удахгүй шалгах байх | ||
Үзсэн: 746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.